Л.Халтар: Цементийн хомсдол, ажиллах хүчний асуудлаас үүдэж Дарханы замын ажил хойшилж байна

Л.Халтар: Цементийн хомсдол, ажиллах хүчний асуудлаас үүдэж Дарханы замын ажил хойшилж байна

Сайдад нэр дэвшигчид чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Дарханы зам нь хэзээ дуусах вэ. Дараагийн шатны замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ. Хятад мэргэжилтнүүд нь хэзээ орж ирэх вэ. Орж ирэх гэж байгаа гэж сонссон. Энэ ажил хэзээ яаж, зохион байгуулалттайгаар явах вэ" гэж асуулаа. 

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л.Халтар "Дарханы замын хувьд нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Б.Жавхлан гишүүн надаар хугацаа хэлүүлэх гээд байна. Би ойлгож байна. Гэхдээ зам барилгын ажил дээр хүндрэлүүд нэмэгдсэн. Хамгийн нэгдүгээрт манай улсад цементийн хомстлын асуудал үүссэн байна. Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тонн цемент хэрэгтэй байгаа. Тэгэхээр цементийн үйлдвэрээс бүгдийг нь нийлүүлнэ гэдэг хүндрэлтэй байна. Хоёрт, БНХАУ-аас орж ирэх инженер техникийн ажилтнуудын орж ирэх хугацаа сунасан. Анх гуравдугаар сарын 15 гэхэд орж ирээд дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ажил эхэлнэ гэж тооцоолж байсан. Харамсалтай нь төлөвлөснөөр болсонгүй. Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. 1,3,5 гэсэн багцын ажил нааштай, найдвартай байгаа. Зам барилгын ажил дээр хамгийн чухал нь гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц гэсэн ажил байгаа. 1 дүгээр багц дээр энэ ажил 100 хувь дууссан. Дарханаас гарах хэсэг дээр 85 орчим хувьтай явж байна. Сүүлийн хоолойны цутгаландаа орсон. 2,4 дүгээр багцын ажил хүнд байна. 14  сая ам.долларын өртөгтэй багц дээр маш хямд үнээр өрсөлдөж орж ирсэн БНХАУ-ын компаниуд орж ирээгүй байна. Бид хөөцөлдөж байна. Гэтэл “харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй байна” гэдэг асуудлаар цааргалж байна. Тиймээс 2,4 дүгээр багцад үнэхээр санаа зовж байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр барих хоёр дахь замд таван компани шалгарсан. Одоо гэрээ байгуулах төвшиндөө явж байна. Олон улсын тендер учраас хугацаатай юм. Бид хугацааг нь хүндэтгэж хүлээхээс өөр арга байна. Наадмын дараа буюу наймдугаар сарын эхээр талбай дээрээ гарах байх гэж бодож байна" гэлээ.