Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хамгийн их хөрөнгөтэй бөгөөд хамгийн их зээлтэй

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хамгийн их хөрөнгөтэй бөгөөд хамгийн их зээлтэй

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хурлаар эцэслэсэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй 17 сайдаас Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван, Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2 тэрбум 407 сая 264 мянга/, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдох Л.Халтар /1 тэрбум 761 сая 380 мянга/ нар нийт орлого, гэр бүлийн гишүүдийн нийт орлого, орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, газар, үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл, хадгаламж, авлагын дүн зэргээрээ тэргүүлж байна.

Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайваны хувьд хамгийн их хөрөнгөтэй төдийгүй хамгийн их зээлтэй гишүүний жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр 2019 онд 380 сая 577 мянган төгрөгийн орлого олсон боловч түүний зээлийн нийт хэмжээ 585 сая 650 мянган төгрөг ажээ.

Харин Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайд Л.Цэдэвсүрэн хамгийн бага буюу жилийн 142 сая 790 мянган төгрөгийн орлоготой сайд юм байна.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эзэмшлийн Mercedes Benz, ML320, Lexus, 570, Harley Davidson мотоциклоо 284 сая 59 мянган төгрөгөөр үнэлжээ. Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох Х.Нямбаатар жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэж байна.

Эрчим хүчний сайдаар томилогдох Н.Тавинбэх Адуу-533, Үхэр-139, Хонь-1580, Ямаа-220 буюу 2,472 толгой малтай. Эдгээрийг 423 сая 800 мянган төгрөгөөр үнэлсэн бол ХХААХҮЯ-ны сайдаар томилогдох З.Мэндсайхан 150 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлсийг эзэмшдэг ажээ. Мөн Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван өмчлөх 603м2, өмчлөх 700м2 газартай. Газрын нийт үнэлгээ нь 250 сая 100 мянган төгрөг бол Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Г.Ёндон эзэмших 700м2 газартай ажээ.