У.Хүрэлсүх: Төрийн өмчөөс нэг ширхэг хадаас хулгайлвал шоронд орно

У.Хүрэлсүх: Төрийн өмчөөс нэг ширхэг хадаас хулгайлвал шоронд орно

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна. 

ТЭРБЭЭР "Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна.

Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль амжилттай болж дууссан. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. 30 дахь жилдээ улс төрд явж байна.

Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээн ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон.

Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Амлаж байна. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концеес, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд хэлж байна. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо. 

 Та бүхний тойрог дээрээ хийнэ гэж амласан зүйлүүдийг гүйцэлдүүлэхийн тулд хамтран ажиллана. Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллана. Засгийн газрын гишүүддээ хандан дахин хэлэхэд хууль бус зүйл битгий хий, үгүй гэж хэлж сур. Засагт орж ажиллаж байсан хүмүүс шүүгдээд явж байгааг бид бүгдээрээ харж байна. Хууль зөрчиж байгаа ямар ч хүнд үгүй гэж хэлээрэй. Баярлалаа” гэлээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө