Т.Оюуномин: Африкчууд намайг "өө муу амьд корона, нутаг руугаа буц" гэж хэлж байсан

Т.Оюуномин: Африкчууд намайг "өө муу амьд корона, нутаг руугаа буц" гэж хэлж байсан

Өнгөрсөн долоон сард нэгэн монгол эмэгтэй таньж мэдэх хүнгүй Африкийн Нигери улсын Оверри мужид хөл хорионд орж, таван сар гаруй хугацаанд гацаад байгаа талаарх мэдээлэл сошиал ертөнцөд цацагдаж, олны анхаарлыг татсан билээ. Удалгүй уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 ам.доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон. Гэвч түүний суух тусгай үүргийн онгоцны нислэг түр хойшлогдоод байгаа ажээ. Одоогоор тус эмэгтэй Нигериа улсын Лагос хотод амьдардаг монгол гэр бүлтэй холбогдон түр амьдарч байгаа бөгөөд наймдугаар сарын 20-ны тусгай үүргийн нислэгт багтахаар төлөвлөж байгаа аж. Бид өмнө нь Т.Оюуноминтой холбогдож, үүссэн нөхцөл байдлынх нь талаар яриа өрнүүлж байсан юм.

Тухайн үед үмүүсийн зүгээс “Хаа холын Африкт юу хийж явж байгаад гацсан юм бол, тэгээд дээрээс нь ганцаараа, охин хүүхэд юм байна” гэсэн хандлага ихээр илэрч байсан билээ.

-АФРИКТ ТАНЬЖ, МЭДЭХ ХҮНГҮЙ, ОЧИХ АЙЛ БАЙХГҮЙ, ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛГҮЙ ХҮНД НӨХЦӨЛД БАЙНА-

-Сайн байна уу. Таны хувьд хэзээ, ямар шалтгаанаар гадаад улсыг зорих болсон бэ?

-Сайн. Сайн байна уу. Би анх арванхоёрдугаар сард Монголоос гарсан. Ерөнхийдөө хувийн ажлаар гэж хэлж болно. Гэхдээ залуу хүн учраас тодорхой хэмжээнд аялж, газар үзэх төлөвлөгөөтэй байсан. Тэр тусмаа Африкт хэзээ ч очно гэж бодож байгаагүй учраас надад маш сонирхолтой байсан.

-Монголоос гараад ямар улс орнуудаар явсан бэ. Одоо байгаа газартаа яаж хүрэв?

-Миний хувьд тийм ч их улс орноор явж үзээгүй ээ. Өмнө нь Орос, Хятад улс руу л явж байсан. Харин эх орныхоо үзэсгэлэнт газар нутгуудаар их аялж үзсэн. Ер нь би аялах их дуртай. Боломж, бололцоо гарвал аль болох л аялахыг хүсдэг. Бүх улсын соёл иргэншил, газар нутаг, зан заншил нь өөр өөр учраас бүгд л их сонирхолтой санагддаг юм. Африк руу ирэхдээ Истанбул хотоор дамжиж ирсэн. Нигери улсын Лагос хотод замдаа нэг хоносон. Тэгээд “Owerri imo State” гээд мужид ирсэн юм. Энд байх хугацаандаа “Abuja” гээд хотод бас ирж үзсэн юм байна.

-Африкт ер нь ямархуу вэ. Нөхцөл байдал хэр байна. Зардал багатай юу?

-Миний хувьд төлөвлөж, гамнаж хэрэглэж байсан мөнгө маань дуусаад л байдал ер нь хүнд болсон. Ажил хийе гэж бодсон ч энд бүх зүйл хаалттай дээрээс нь цалин маш бага юм байна лээ. Тэгсэн хэрнээ идэх хоол, бараа материал, хэрэглээний зүйлс нь их үнэтэй. Манай Монгол хажууд нь өндөр цалинтай юм байна лээ. Ганцаараа очих айл байхгүй, таньж мэдэх хүнгүй, Элчин  сайдын яам, консул ч байхгүй хүнд байдалтай байна даа.

-АФРИКТ ӨМНӨ НЬ ОЧНО ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ Ч, СОНИРХОЛТОЙ САНАГДСАН-

-Буудлынх нь үнэ өртөг хэд байдаг вэ?

-Буудлын үнэ нь дунджаар 10 мянган найра буюу монгол мөнгөөр 80 мянган төгрөг. Гэхдээ тийм ч үнэтэйд нь орохгүй, дундаж үнэтэйд нь тооцогдоно. Гэсэн хэдий ч мөнгө минь дууссан болохоор ээж аав, ах дүү нар маань боломжоороо тусалж, би ч энд нэг сар, ахиад нэг сар тэсчихвэл хил нээнэ гэж бодож тэссээр таван сарыг буудлаасаа гаралгүй өнгөрөөчихлөө. Магадгүй хүмүүс “ажил хийгээд мөнгө олж болно, залуу хүн байж арчаагүй” гэж  бодож байгаа байх. Гэтэл энд өвчин гээд бүх зүйл хаачихсан, надад байтугай иргэдэд нь ч ажил олдохгүй байгаа. Миний хувьд ч ажиллах эрх байхгүй. Аялалын визтэй. Өмнө нь эбола вирус гарч байсан болохоор халдварт өвчин илэрлээ гэж сонсоод л замын хөдөлгөөнөө хүртэл хаачихсан улс шүү дээ.

-Таны хувьд буудлаасаа ч гарч чадахгүй байгаа гэсэн?

-Тийм ээ. Энд намайг  бүгд хятад хүн гэж боддог. Монгол гэж хэлэхээр хэн ч мэдэхгүй. Тэгээд өрөөнөөсөө гарахад “өө муу амьд корона, хурдан нутаг руугаа буц, өвчин авчирлаа” гэх мэтээр хэлээд би айгаад өрөөнөөсөө гарахаа байсан. Мэдээгээр энд тэнд ази хүмүүс зодуулж, барьцаалагдсан гэж их сонсож байгаа болохоор бүр ч их айсан. Би чинь эмэгтэй хүн, ганцаараа хүний нутагт өөртөө итгэж, өөрийгөө л хайрлахгүй бол хэн ч энд намайг хайрлахгүй шүү дээ. Дээрээс нь үргэлж ээж, ааваасаа аваад тэдэнд гомдоллоод байх хэцүү. Энэ хаагдсан зочид буудалд хэдэн гадны иргэд л үлдсэн.

-БУУДАЛ ӨДРИЙН 80 МЯНГА Ч ҮРГЭЛЖ ТОГ ТАСАРДАГ, ХҮНС , АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА НЬ ҮНЭТЭЙ-

-Буудлын нөхцөл байдлын хувьд хэр байна?

-Энд тог үргэлж эвдэрчихсэн гээд тасардаг. Генератораар тогоо хангадаг юм шиг байна лээ. Ийм цөөхөн хүнтэй газар дизель үрэхгүй гээд тогоо асааддаггүй. Манай монголын  гэр хорооллууд, зуслангийн байрнууд шиг бойлуураар усаа халааж усанд ордог. Гэхдээ үүний хажууд манай улсынх илүү дээр ажилладаг юм шиг санагдсан. Тэгээд захууд нь хаачихсан болохоор юм худалдаж авч идэхэд хэсэг их хэцүү байсан.

-Уянга гэх эмэгтэй таны талаар мэдээлснээс хойш хүмүүс хэр хүлээж авч хандсан бэ, хүмүүс тусалж байна уу?

-Тийм ээ. Уянга гээд эгч миний тухай хүмүүст хэлснээс хойш хүмүүс янз бүрээр л хүлээж авч, хандацгаасан. Олон ч хүнд надтай холбоглож тусалсан. Би “энд надаас өөр монгол хүн байхгүй, хэн ч намайг тоохгүй, дуугай л хил нээгдэхийг хүлээгээд байж байх ёстой байх” гэж бодоод өдийг хүрсэн, тэвчиж найдаж, итгэж хүлээсэн. Гэхдээ хүний сэтгэл сүүлдээ үнэхээр цөхөрч, туйлддаг юм байна гэдгийг мэдэрч байна. Дөрвөн хананы дунд их л зүйл бодогддог. Сүүлдээ хэдэн цагаар ч хамаагүй нэг зүг рүү ширтээд суудаг болчихсон байсан. Үнэхээр хэцүү, цээжин дээр юм авчраад тавьчихсан юм шиг, сүүлдээ ийм байдлаасаа болж дархлаа маань унаад биен дээр харшил юмуу маш их зүйл гарчихсан. Эм байхгүй, яаж эдгээхээ мэдэхгүй. Эмнэлэг явбал халдвар авчих байх гэж айсан. Хүн  нэг байдалдаа удаан хугацаагаар байвал их л өөрчлөгддөг юм шиг санагдсан. Гэхдээ нэг хэсэг бусад хүмүүсийг бодвол азтай, байх газартай байна, удахгүй гэртээ харина” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Гэтэл яг үнэндээ “би энд байна шүү, би ганцаараа ийм хүнд байдалтай байна, ээж аав маань боломжгүй болж өрөнд орж байна, надад туслаач” гэж мэдэгдэх ёстой байсан байна. Би Уянга эгчид маш их баярлаж байна. Хүмүүс холбогдоод элчин сайдын  яамтай холбож өгье, тусалъя гэхэд хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг л болсон. Би яг үнэндээ туйлдаад цөхрөөд “за би ер нь энд л дуусах юм байна даа” гэж бодогдож байсан. Гэтэл ийм ачтай хүмүүс гарч ирж намайг дэмжиж, тусалж байгаад маш их баярлаж, нээрээ ч харьчих юм шиг санагдаж эхэлсэн.

-УЯНГА ГЭЭД ЭГЧ НАМАЙГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСНЭЭС ХОЙШ НАДАД ГЭРТЭЭ ХАРИХ ИТГЭЛ, НАЙДВАР ТӨРЧ ЭХЭЛСЭН-

-Хүмүүс таны талаар мэдэж эхэлснээс хойш Гадаад хэргийн  яамны сайд байсан Д.Цогтбаатар таны талаар асууж сурагласан байсан. Таньтай холбогдсон уу?

-Намайг твиттер дээр асуусан байсан. Би твиттер ашигладаггүй ч холбогдохын тулд нээсэн байгаа. Одоогоор холбогдож амжаагүй л байна.

-Ямар нэртэй буудалд байгаа вэ? Өрөөгөө харуулж болох уу?

-Уучлаарай , энд хүний наймаа ихтэй гэсэн болохоор чадахгүй нь. Бас интернетээр маш олон хүмүүс холбогдож “миний таньдаг Африк хүн наана чинь байгаа” гэсэн болохоор айж байна. Тэр айлд очих уу, энэ айлд очих уу гээд хүмүүс бас их асууж байна. Танихгүй хүн дагаж явж байснаас хоол ундгүй ч гэсэн өөртөө итгээд эндээ байж байсан нь дээр гэж бодож байна.

-Анх Африк руу аялана гэдгийг сонсоод гэр бүлийнхэн нь юу гэж байсан бэ?

-Анх сонсоод ээж аав хоёр “юу яриад байгаа юм бэ, явуулахгүй” гэсэн. Аав шууд л үгүй гээд тас гүрийсэн. Би нэлээн гуйж байж зөвшөөрүүлсэн. Гэтэл одоо ийм удаан хугацаа өнгөрч, ээж аав маань их хэмжээний өр зээл тавьж над руу мөнгө явуулсан. Сүүлдээ машинаа ч тавьсан байна лээ. Одоо хүнээс зээлэх нүүргүй болсон байх.

-ААВ ЭЭЖ МААНЬ НАМАЙГ ЭНД АМЬДРУУЛАХ ГЭЖ МАШИНАА ХҮРТЭЛ ЗАРСАН, ӨР ЗЭЭЛ ТАВЬСАН-

-Хүн  нэг байдалдаа удаан хугацаагаар байвал их л өөрчлөгддөг юм шиг санагдсан гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд буудлын өрөөнд ганцаараа, таньж мэдэх хүнгүй, хүнтэй юм ярихгүй байх ямар байсан бэ? Өөрийгөө хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Би хэд л бол хэдэн цагаар хоол идэж, ус уухгүй суудаг болчихсон байсан. Өөртэйгээ ярьж эхэлсэн. Утсаар ярьж, кино үзэж, найзуудтайгаа холбогдох хүсэл төрөхөө байсан. Ерөнхийдөө зожгирч эхэлсэн гэж ойлгож болно. Уг нь би их яриа хүн. Тэгээд зожгироод ирсэн чинь дархлаа унаж, турж эхэлсэн. Хоол ундны мөнгө бага болохоор аль болох хямдхан талх, молоко, гоймон гээд бэлэн бүтээгдэхүүнээр хооллож байгаа. Энд йогурт, хоол гээд зүйлс нь үнэтэй юм байна лээ. Гол нь ийм хямдхан, амин дэмгүй хоол идээд байхаар дархлаа муудах, бие тэнхээгүй болох, бие хөлрөх гээд асуудал гардаг юм шиг санагдсан. Гэхдээ удахгүй харина гэж бодоод л тэсч байна.

-ДӨРВӨН ХАНАНЫ ДУНД, ХҮНТЭЙ ЮМ ЯРИЛГҮЙ  УДАХАД ДАРХЛАА МУУДАЖ, ЗОЖИГОРЧ ЭХЭЛСЭН-

-Хүмүүс таньруу янз бүрийн доромжилсон утгатай зурвас бичиж, уйлуулсан гэж байсан?

-Тийм ээ. Янз бүрээр л бичсэн. Гэхдээ ахиж тэр талаар дурсаж, сэтгэлээр унамааргүй байна. Нэг сэтгэлзүйч  эгчтэй холбогдоод ярилцсанаас хойш гайгүй тайвширсан.

-Одоо Монгол руу буцахын тулд хаагуур дамжиж, яаж явах вэ. Зардал бас их гарах байх?

-Аль боломжтой талаар нь шуудхан буцахыг хүсч байна. Ямар л боломж, бололцоо, гарц гаргалгаа байна, тэр бүгдийг оролдож үзмээр байна. Дээр нь ийм аюултай газар биш тайван улсад байвал арай дээр байх. Өнөөдөр миний буудалд байх хугацаа дуусч байгаа. Гэхдээ ганц, хоёр хүн холбогдоод нэг, хоёр өдрийн буудлын мөнгө, хоол хүнс залгуулахад тус болно гэж хэлсэн. Заавал мөнгө ч гэхгүйгээр холбогдож, сэтгэлийн дэм өгч байгаа хүмүүс ч байгаа. Эдгээр бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Би Истанбулд ч хамаагүй очоод “эх орондоо ойртож байна, аюулгүй газар байгаа шүү” гэж бодон сэтгэлээ амраахыг маш их хүсч байна. Дээрээс нь ахиад хэд хоногийн буудал, хоолны мөнгө яаж олох уу, тусгай үүргийн үнэтэй онгоц, тусгаарлагдах байрны мөнгөө яах уу гээд өдөр шөнөгүй бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Эх орондоо хурдан ирэхийг хүсэн ерөөе.