ОБЕГ: Наадмын өдрүүдээр усархаг, аадар бороо үргэлжлэн орно

ОБЕГ: Наадмын өдрүүдээр усархаг, аадар бороо үргэлжлэн орно

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ, УЦУОШГ-аас мэдээлэл хийж байна.

ЦУОШГ-ын инженер М.Должинсүрэн "Долдугаар сар бол манай орны хамгийн их хур бороотой байдаг сар. Энэ жилийн хувьд ч гэсэн гэнэтийн усархаг бороо олон орж байна. Өнгөрсөн хоногт гэхэд Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэд усархаг бороо орлоо. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аянга буусан. Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулбал, 10-нд зүүн аймгууд, 11-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 12, 13-нд Баруун, Төв, Зүүн аймгуудаар борооших төлөвтэй байна. Ер нь ихэнх нутгаар гэнэтийн дуу цахилгаантай, усархаг бороонууд орохоор байгаа. Баяр наадмын амралтын өдрүүдээр олон хүн амралтаа авч хөдөө,  агаар салхинд амрахаар явцгаадаг. Газрын хөрс чийгтэй үед, агаарын температур нэмэгдэх нь гэнэтийн хүчтэй аадар бороо орох нөхцлийг бүрдүүлдэг учраас гэнэтийн аадар борооны эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд наадмын өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, хүүхэддээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг хүсье” гэж мэдээллээ.