Н.Мандах: Н.Номтойбаярын зүгээс мөрдөгчийг дарамталсан зүйл байхгүй

Н.Мандах: Н.Номтойбаярын зүгээс мөрдөгчийг дарамталсан зүйл байхгүй

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах өнөөдөр /2020.07.09/ олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг огт тайлбарлаагүй, зөвхөн агуулгын нь хэлсэн. Одоогоор шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байна. Гарангуут нь давж заалдах болно гэдгийг хэлсэн юм. Н.Номтойбаярт холбогдох хэргийг эцэслэн шийдээгүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Мөн шүүх Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэсэн. Н.Номтойбаярын зүгээс ямар нэгэн байдлаар мөрдөгчийг дарамталсан зүйл гаргаагүй. Хэрэгт авагдсан зүйл нь нотлогдоогүй. Чухам ямар агуулгатай, ямар үйл явдал болсныг хэвлэлийнхэн шүүхээс тодруулаарай.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй. Гэтэл шүүх хуралд ганцхан Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй оролцсон. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхэмтэй холбоотой шүүн таслах ажиллагаа хийх шаардлагатай бол шүүх Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл шүүх огт зөвшөөрөлгүй шүүн таслах ажиллагааг явуулсан. Мөн хэрэгт авагдсан зүйл ангийг өөрчилсөн. Зорилтот бүлэгт олгодог зээлийг банкаар хүү тооцож олгосонгүй гэж Н.Номтойбаярыг шүүх буруутгаж байна" гэв.