Нөхөртэйгээ маргасны улмаас таван давхраас үсэрч амь насаа алджээ

Нөхөртэйгээ маргасны улмаас таван давхраас үсэрч амь насаа алджээ

Өнгөрөгч долоо хоногт буюу долдугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүрэгт орших таван давхрын барилгын цонхоор хижээл насны эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг харсан гэх гэрчүүдийн мэдээллээр “Тус байрны гадаа хохирогч эмэгтэй өндрөөс үсэрсэн байж болзошгүй нөхцөл байдалтай хэвтэж байсан” гэжээ. Талийгаач нь тус дүүрэгт оршин суух 53 настай эмэгтэй бөгөөд эл байрны дөрөвдүгээр давхрын цонхоор унаж, улмаар газар дээрээ нас барсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь үсрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нөхөртэйгээ муудалдаж, маргасны улмаас үсэрч, харамсалтайгаар нас барсан гэв. Хэргийг өдгөө харьяаллын дагуу цагдаагийн газарт шалгаж буй аж.

Иймд иргэд ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, ямарваа маргааныг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байх, цаашлаад өөрийгөө болон өрөөлийг гэмтээхээс болгоомжлох нь чухал юм. Сүүлийн үед гарч буй харамсалтай хэргүүдийн ихэнх нь иргэд архидан согтуурсан үед үйлдэгдсэн байх бөгөөд холбогдсон хүмүүс нь гэмтэх, цаашлаад амь насаа алдах зэргээр хохирч буй аж.