Хүй долоон худагт хурдан морьдыг буудаж алсан ноцтой хэрэг гарчээ

Хүй долоон худагт хурдан морьдыг буудаж алсан ноцтой хэрэг гарчээ

Хүй долоо худаг орчимд нутагладаг Л.Энхтайван хэмээх малчин дөрөв хоногийн өмнө хориод тооны адуугаа алджээ. Адуу хол явж идээшлэдэг учраас сүртэй эрэл хайгуул болоогүй аж. Гэтэл малын хулгайчид адууг хулгайлж, буудаж алсан байсныг энэ сарын 8-ны өдөр мэджээ.

-САРААЛЖИН ХАШААН ДОТРООС МОРЬДЫНХОО ТОЛГОЙГ ОЛЖЭЭ-

Тодруулбал, хуучин 22-ын товчоон дахь 1000 машины захаас урагш эзгүй хашаануудын хажууд төмөр зам байдаг аж. Тэр төмөр замын хажуугийн хонхорын сараалжин хашаан дотроос морьдынхоо толгойг олжээ. Тэр хавьд амьдардаг хүмүүс гэдэс дотрыг нь цувуулсан адууны сэг их хэмжээгээр олсон учир цагдаад мэдэгдсэн байна. Ингээд тэд хэргийн газарт очиход хашаа цоожтой байсан тул цоожийг нь эвдэж оржээ.

-ЗАРИМ МОРИЙГ ДУХАНД НЬ ТУЛГАЖ БУУДСАН БОЛ ЗАРИМЫНХ НЬ ТОЛГОЙГ ЦӨМ ЦОХЬСОН БАЙЖЭЭ-

Одоогоор хориод адууны наймынх нь сэгийг олсон бөгөөд бүгдийг нь буудаж алсан байжээ. Харин буудуулсан морьд хурдан удмынх байсан гэдгийг морьдын эзэн Л.Энхтайван мэдээлсэн байна.. Үлдсэн морьдын толгой олдоогүй учир хаа нэг тийш туусан байх магадлалтай гэж цагдаагийн ажилтнууд үзэж байгаа юм. Мөн шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш. Тэгэхээр морьдыг хулгайлж, буудаж алсан этгээдүүд бүлэг хулгайчид байж болзошгүй ажээ.

-ХЭРГИЙН ГАЗАР ЯМАР НЭГ СЭЖҮҮР ҮЛДЭЭГЭЭГҮЙ ТУЛ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧИД БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Энэ талаар алдагдсан морьдын эзэн Л.Энхтайван “Морьдоо алдсан тухай дуудлага уржигдар өгсөн. Тэр хавийн иргэд дуудлага өгснийг цагдаагийнхан надад хэлээд “ирж шалга” гэсэн. Манай морьдын толгой мөн нь батлагдсан. Хулгайчид мэргэжлийн бололтой тамхины иш ч үлдээгээгүй байна лээ. Зарим морийг духанд нь тулгаж буудсан бол нэг хэсгийнх нь толгойг цөм цохьсон байсан. Гэдэс дотрыг нь энд тэндгүй цувуулж, махыг нь хашаан дээр тавьж, сэврээсэн байна. Наадам дөхсөн энэ үед цагдаа нар малын хулгай, дээрмийн зөрчилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна” хэмээн мэдээллээ.