С.Уранцэцэг: Тууз хайчиллаа гээд хэний эрх ашгийг хохироосон юм

С.Уранцэцэг: Тууз хайчиллаа гээд хэний эрх ашгийг хохироосон юм

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд худаг барьж, нээлтэнд нь Сумын Засаг дарга болон бусад удирдлагууд нь оролцон тууз хайчилж буй зураг цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Дэлхийн бусад улс орнууд гариг нээснээ мэдээлж байхад манайх худаг нээж, тууз хайчлан зогсож байна гэх шүүмжлэл өнгөрсөн өдрүүдэд нэлээн хүчтэй өрнөлөө

www.isee.mn сайт уг мэдээллийн талаар бэлтгэсэн баримт, тайлбарыг хүргэж байна.

БАРИМТ: Уг худгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багт барьж байгуулсан байна. Захиалагчаар Даланжаргалан сумын Засаг даргын тамгын ажиллаж, орон нутгийн хөгжлийн сангийн нийт 35.617.600 төгрөгөөр барьж, байгуулжээ.

Даланжаргалан сумаас худаг барих захиалга өгч тендер зарласан бөгөөд Улаанбаатар хотын “Ус ориг” компани барьж, байгуулжээ.

СУМЫН УДИРДЛАГУУД НЬ ТУУЗ ХАЙЧИЛЖ, СҮР ДУУЛИАНТАЙ НЭЭСЭН ХУДГИЙГ УЛСЫН ТӨСВИЙН 35 САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬЖЭЭ

ТАЙЛБАР:

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэгтэй холбогдож тодруулга авсан юм.

-Уг худгийг улсын төсвийн мөнгөөр барьсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Орон нутгийн хөгжлийн сангийн 35.6 сая орчим төгрөгөөр баригдсан цэвэршүүлэгчтэй гүний худаг юм. Нэгэнт худаг барьсан юм чинь ухаалаг болгох хэрэгтэй гэж зорьсон. Ингээд хувийн хэвшлийн дэмжлэг, туслалцаатайгаар цуглуулсан 9.5 сая төгрөгөөр ухаалаг болгох төхөөрөмж суурилуулсан. Ухаалаг болгосноор орчин үед нийцснээс гадна иргэдийн цаг хугацааг их хэмнэж байна.  

-Худаг зайлшгүй хэрэгтэй газарт барьсан байх. Ер нь энэ худгаас нийт хичнээн иргэд усаа авч байгаа вэ?

-Манайх засаг захиргааны таван нэгжтэй. Хоёр төвлөрсөн багтай. Худаг тавигдсан багт албан тоогоороо 800 гаруй хүн оршин суудаг. Албан бус тоогоор 1400 гаруй хүн байнгын оршин сууж байна. Ийм том баг юм. Энэ багт худаг барих нэн тэргүүний шаардлагатай байсан. Иргэдийн санал, хүсэлтээр хийгдсэн ажил юм. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлын жагсаалтыг иргэдтэй хамтран гаргадаг. Иргэд хамгийн эхэнд худаг барих шаардлагатай гэдэг саналыг гаргасан юм.

-Худгийн нээлтэнд таныг болон сумын бусад удирдлагыг очиж тууз хайчилсан үйл явдлыг шүүмжилж байгаа. Таны хувьд яг ямар ач холбогдол өгч тууз хайчилсан юм бэ?

-Тууз хайчиллаа гээд хэн нэгний эрхийг ашгийг хөндөөд, хохирол учруулаагүй. Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдууд ухаалаг худгийн системийг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна лээ. Манай аймгийн хувьд ухаалаг худгийн системийг хоёр л газарт нийлүүлсэн. Манай багийн хувьд усны асуудал үнэхээр хүнд байдаг. Ард иргэд 12 км газрын цаанаас ундны усаа зөөж уудаг. Унаа тэрэггүй, бүл чадал муутай хүмүүс нь багынхаа худгаас усаа уудаг байсан. Гэтэл багт байх ганц худгийн ус нь хүний хүнсэнд таарахгүй гэдэг нь шалгалтаар тогтоогдсон байсан. Ийм л учиртай гүний худгийг барьсан юм. Нэлээн төлөвлөж, бодож байж худаг барьсан. Сайн ч ус гарсан. Бид билэгшээсэн. Ажил хийгээгүйг нь биш хийснийг нь шүүмжилдэг болсон байна. Өөрсдөө ажил хийхгүй байж бусдын хийснийг шүүмжилдэг болж дээ. Ажил бүрийг улс төржүүлээд байна шүү дээ. Худаг барьсан компани нь туузаа аваад ирсэн байсан.

-Ярилцсанд баярлалаа.