15 улсын 113 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

15 улсын 113 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны хагас жилийн байдлаар 15 улсын 113 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Мөн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 8 улсын 37 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 4 улсын 16 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргэсэн байна.

Мөн гадаадын таван улсын 17 иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгаж, гадаадын нэг иргэний Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр гурван улсын дөрвөн иргэнд гарах сануулга өгч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн есөн удаагийн захирамжаар гадаадын дөрвөн улсын есөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн байранд саатуулж, нэг иргэний саатуулах хугацааг сунгав. Гадаадын иргэнийг зохих ангиллын визээр урьж, ажиллуулж байхыг анхааруулан 105 аж ахуйн нэгж байгууллагад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.

2020 оны эхний хагас жилийн дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 41.5 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 16.9 хувиар, зөрчил гаргасан уригч иргэн 18.8 хувиар, албадан гаргагдсан гадаадын иргэн 34.7 хувиар тус тус буурсан, харин гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн 1.3 дахин өссөн байна.