Ж.Батсайхан: С.Амарсайхан Хотын дарга болсноосоо хойш асуудал шийдсэн нэг ч ажил хийгээгүй

2019-06-27 13:22

Ж.Батсайхан: С.Амарсайхан Хотын дарга болсноосоо хойш асуудал шийдсэн нэг ч ажил хийгээгүй

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Хотын дарга С.Амарсайханыг огцруулах саналыг НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Ж.Батсайхан гаргасан.

Дэгийн дагуу түүний саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг хураалгах ёстой. Гэтэл НИТХ-ын дарга Р.Дагва санал хураахаас татгалзсан байна.

Тийм учраас НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлаар төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулахаар болжээ.

Хуулинд зааснаар 15 төлөөлөгчийн саналаар огцруулах асуудлыг өргөн барих эрх нь нээлттэй болох аж.  

Харин төлөөлөгч, Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө улайран томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил. Бодлогын хэмжээний, мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нэг ч хийгдэхгүй байна. Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм. Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийнхөө Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа тань үнэн. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог. Тиймээс Хотын Засаг даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бөгөөд огцруулахын төлөө эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ” гэлээ. 

2019-06-27 12:48

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргажээ

Яг одоо НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Мөн өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулж ирсэн байна.  Тэрбээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн юм.