ИЗНН: Улс төрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг яаралтай өргөн барина

ИЗНН: Улс төрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Иргэний Зориг Ногоон Намыг /ИЗНН/ 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй юм. Ингэснээр тус нам нөхөн сонгуульд оролцох боломжгүй болсон. Энэ талаар ИЗНН-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан. Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон.

Намын тухайн үеийн генсек М.Хүрэлсүх тамга авч яваад өгөөгүй учраас зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна.

Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ. ИЗНН улс төрийн бохир зүйлтэй тэмцэхийн тулд улс төрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг бэлэн болгож, нэн яаралтай өргөн барих гэж байгаа.

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. УИХ, ИТХ-д гарсан хүмүүст мөнгө идэх боломж олгомооргүй байна. Амьтны болон малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бизнес их байна. Үүнтэй тэмцэж генетикийн нөөцийн тухай хуулийг нэн яаралтай баталснаар дээрх бүтээгдэхүүнүүдийг төрийн хамгаалалтад авч чадна" хэмээн ярилаа.