“Мишээл” захын зохицуулагч, МАН-ын байрны менежер нар ЧИНГИС ХААН нисэх онгоцны буудлын даргаар томилогджээ

“Мишээл” захын зохицуулагч, МАН-ын байрны менежер нар ЧИНГИС ХААН нисэх онгоцны буудлын даргаар томилогджээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын захирлаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар ажилладаг. Түүнийг 2016 оны сонгуулийн дараа уг албан тушаалд томилсон. Д.Мөнхбаатар өмнө нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Дүнжингарав” худалдааны төвд менежерийн ажилтай байсан гэдэг.

Тэрбээр  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын захирлаар томилогдсоноосоо хойш нисэх буудлын үйл ажиллагааг доош татсан, чадваргүй гэх мэтээр шүүмжлүүлж байжээ.

МИАТ-ыг улс төрчдийн шахааны мэргэжлийн бус, чадваргүй хүмүүсээр дүүрсэн гэх олны хэл ам тасраагүй байтал НҮД ОРОЙ дээр гаргах томилгоог мөн тус газарт хийсэн байна.

Тодруулбал, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн “Мишээл” худалдааны төвийн менежерээр ажиллаж байсан Б.О гэх залууг “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дэд захирлаар саяхан томилжээ. Д.Мөнхбаатар, Б.О нараас гадна хоёр дэд захирал Чингис хаан онгоцны буудалд ажилладаг аж. Зуун ямаанд жаран ухна гэгчээр нэг жижиг нисэх буудалд дөрвийн дөрвөн дарга ажиллах шаардлага бий эсэхийг эргэж цаг нь болсон гэдгийг тус газрын ажилчид ярьж байна.

Мөн МИАТ-ын Захиргаа Үйлчилгээний ерөнхий менежерээр МАН-ын байрны зохион байгуулагчаар ажиллаж байсан Л.О гэх эмэгтэй ажиллаж байна.

Энэ мэтчилэн асуудал дагуулсан томилгоонууд МИАТ-д хийгдсээр байгааг ажилчид нь шүүмжилж байна.

МИАТ бол их мөнгөний урсгалтай газар. Тиймээс улс төрчид ойрын хүмүүсээ тэнд ажилд оруулахаар уралддаг. Гэвч төрийн албаны ёс зүй, эрэмбэ дараа, дэг жаягийг зөрчсөн томилгооны эздээс болж МИАТ-ын үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна.

Тухайлбал, Худалдан авах ажиллагааны тухай зар мэдээллийг мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаагүй, өөрсдийн таньж мэддэг компаниараа ажил хийлгэснээс болж нисэх буудлын үйлдвэрлэлийн ажилчдын өвлийн хувцасны худалдан авалт нь одоог хүртэл хийж дуусаагүй маргаантай байгаа аж.

Т.ЭНХЭЛЭЭ