УОК: Төлбөрөө төлөөгүй иргэдийн мөнгө 90 саяд хүрсэн

УОК: Төлбөрөө төлөөгүй иргэдийн мөнгө 90 саяд хүрсэн

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Долоон сард агаарын татан авалтыг 10 удаа зохион байгууллаа. Одоо 4 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Ингэснээр энэ сард 3797 хүн ирж байгаа. Газраар буюу Алтанбулагийн боомтоор 418 иргэнийг татан авсан. Афганистанаас бид 2 удаагийн татан авалтыг зохион байгуулсан 333 албан хаагч эх орондоо ирнэ.Удахгүй дахин нэг нислэгээр цэргийн алба хаагчид ирнэ.

-4148 ИРГЭНИЙГ ЭНЭ САРДАА БАГТААН АВЧИРНА-

Агаарын татан авалтаар 4148 иргэнийг онгоцоор татан авна.  Татан авсан иргэдийн тоо өмнөх сараас 54 хувийн өсөлттэй байгаа.  Бидний урьдчилсан тооцоогоор ирэх сард энэ үзүүлэлтийг 21.6 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа. Тусгаарлах байранд 2700 гаруй хүн тусгаарлагдаж байна. Өчигдөр 646 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Улсын хэмжээнд 1630 хүн гэрийн ажиглалтад байна. Иргэдийн тусгаарлалтад нийслэлд 2 эмнэлэг, сувилалын зориулалттай 3 газар, 25 буудал, амралтын газар ашиглаж байгаа бол орон нутагт 18 буудал, 4 эмнэлэг , 2 сувиллын газар ашиглаж байгаа. Тусгаарлах байранд үйлчилж байгаа хоолны асудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийн ажиллаж байгаа.

-ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭРС ИЛ БОЛСОН. ИРГЭДИЙГ ГЭРТ ТУСГААРЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗСЭН-

Шуурхай штабаас татан авалт тэр тусмаа иргэдийнн нэрстэй холбоотой асуудал дээр өөрчлөлт оруулж байна. Иймд ирэх хүсэлтэй иргэдийн нэрс ил болсон. Энэ жагсаалтаараа монголдоо ирж байгааг хэлье. Нислэг шахуу байсан цаг хугацааны боломж гараагүй зэрэг шалтгаанаас болж, суухаасаа өмнө төлбөрөө барагдуулж амжаагүй иргэд бий. 90 орчим сая төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд төлбөр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Ажил урагштай явагдаж байна. Замын-Үүдээр ирсэн төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд ажил хийж, төлбөрөө барагдуулж байна.

Мөн “Гадаадад байгаа иргэдийг татаж аваад, гэр барьж тусгаарлаж болохгүй юү” гэсэн санал ирсэн.Бид энэ асуудлаар мэргэжлийн байгууллагатай зөвлөлдлөө. Гэрт тусгаарлах нь ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сахихад хүндрэлтэй учир боломжгүй гэж үзсэн" гэв.