Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн хугацаанд нийтдээ 14371 иргэнээ татан авсан

Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн хугацаанд нийтдээ 14371 иргэнээ татан авсан

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа  иргэдээ шат дараатайгаар татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нийтдээ 14371 иргэнээ татан аваад байна. 44 улсаас нийт 40 удаагийн тусгай үүргийн нислэгээр 13 чиглэлээр бид иргэдээ татан авсан.

Иргэдийн өргөдөл гомдол маш их ирдэг. Долоодгаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан. Гэхдээ УОК-ын шуурхай штабаас нөөц бололцоогоо нэмэгдүүлснээр нийт бид энэ сард 14 нислэг хийхээр болсон. Ингэснээр бид энэ сард 3397 иргэнээ татан авна.

55 улсаас 11955 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сараас ЭСЯ иргэдийн буцах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн дийлэнх хувийг 46 мянга гаруй иргэн оршин суудаг БНСУ-д байгаа монгол иргэд эзэлж байгаа" гэж мэдээллээ.