БНХАУ-ын зарим хотын сургуулиуд энэ хичээлийн жилээ цахимаар зохион байгуулна

БНХАУ-ын зарим хотын сургуулиуд энэ хичээлийн жилээ цахимаар зохион байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн хичээл хэзээ орох шийдвэр гаргана. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийх юм.

Харин Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар энэ сарын 9-нд хуралдаж улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмийг долдугаар сарын 30 хүртэл сунгасан.

Энэ мэтээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасаар байвал ирэх намар буюу есдүгээр сарын 01 -нд цэцэрлэг, ЕБС-ийн хичээл хэрхэх вэ, БШУЯ одоо ямар чиглэлтэй ажиллаж байгаа талаар тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Т.Сайхнаагаас тодруулахад "Одоогийн байдлаар бид шинэ хичээлийн жил хэвийн эхэлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Цэцэрлэг сургуулийн элсэлтийн үйл ажиллагааны шинэ элсэлтийн талаарх асуудлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж байгаа. Их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлсэн. Ерөнхийдөө УОК-ын гаргасан шийдвэрээр чиглэл авч ажиллаж байгаа. Нөхцөл байдал дээрдэхгүй, хөл хориог сунгасаар есдүгээр сар хүрвэл теле хичээл болон цахимаар орж эхэлнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл урд хөрш болох БНХАУ-ын зарим хотын сургуулиуд ч мөн энэ хичээлийн жилээ цахимаар эхлүүлж болзошгүй байна.

Тодруулбал, БНХАУ-ын Шандонг мужийн зарим сургуулиуд хичээлийн жилээ цахимаар зохион байгуулахаар болсон тухай мэдэгдлийг оюутнууддаа илгээж эхэлжээ.

Энэ жил гадаад улс орнуудаас шинээр элсэж буй оюутнууд эхний жил хэлний бэлтгэлд суралцдаг учраас зарим оюутнуудын хувьд үүнээс шалтгаалан суралцах хүсэлтээ буцааж эхэлжээ. Харин суралцаж байсан гадаад оюутнуудын хувьд цахим хэлбэрээр суралцах эсвэл нэг жил өнжих сонголт тулгараад байна.

Европын улс орнууд ч мөн энэ хичээлийн жилээ цахимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. ОХУ болон Их Британий эрдэмтэд коронавирусийн вакциныг амжилттай туршаад буй ч энэхүү вакцин нь 2021 он гартал дэлхий нийтийг хүртээмжтэй хангах боломжгүй хэмээн ДЭМБ-аас мэдэгдээд байгаа юм.