Гал усны гамшгаас мөнгөтэй, мөнгөгүйгээр ялгаж иргэдээ авардаг уу! Б.Ууганбаяр даргаа

Гал усны гамшгаас мөнгөтэй, мөнгөгүйгээр ялгаж иргэдээ авардаг уу! Б.Ууганбаяр даргаа

Манай улс коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хилээ хааж, зарим тохиолдолд дотоод хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээд таван сарын хугацааг өнгөрөөж байна.

Иймд гадаад оронд гацаж, эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа Монгол улсын иргэдээ МИАТ ТӨХК-иас тусгай үүргийн нислэг үйлдэж эх оронд нь авч ирж байгаа билээ. Улмаар эх орондоо ирээд 21 хоногийн тусгаарлалтад байгаа иргэдийн орчин нөхцөл, хоолны асуудал сүүлийн олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь эх орондоо ирж байгаа иргэд онгоцны хоёр талын тийзны төлбөр төлөхөөс гадна, тусгаарлалтын төлбөрөө өөрсдөө төлж байгаа юм. 

Харин УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийхдээ тусгаарлагдаж буй иргэдийн талаар тогтмол гомдол мэдээлж байгаа нь нууц биш. 

Тухайлбал, өнгөрөгч Баасан гарагт Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлалтад байгаа иргэдийн талаар мэдээлэл хийх үеэрээ “Зарим иргэдийн төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Бүр сүүлд нь Улсын Ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна” гэж мэдэгдсэн юм. 

-ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭДИЙГ АВТОБУСАНД СУУЛГАВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭЖЭЭ-

Харин түүний энэхүү мэдэгдэл иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь тэд төр хилээ хааж, иргэдийн гадаад гацах нөхцөлийг өөрсдөө бүрдүүлчхээд, хөдөлмөр эрхлүүлж, хуулийн байгууллагад хандаж болохгүй, иргэдийн УОК-т өгсөн хандив юунд зарцуулагдав гэж шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас Монгол улсаас гадаадын улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандаж, “Тусгаарлах байрны төлбөр төлөөгүй иргэдийг автобусанд суулгасан тохиолдолд хариуцлага тооцох болно” гэсэн албан бичгийг илгээжээ. Түүний энэхүү үйлдэлд зарим иргэд “Тусгаарлах байрны мөнгө төлж чадахгүй байгаа иргэд гадаадад гацчихаад зочид буудлын ч мөнгөө төлж чадахгүй байгаа шүү дээ. Харин ч шуурхай татах хүмүүс. Онцгой байдлын алба гал усны гамшгаас иргэдээ мөнгөтэй мөнгөгүйгээр ялгаж авардаггүй биз дээ. Төр ийм харгис байж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.