Шувуудын “Аав”

Шувуудын “Аав”

Амьдралын олон өнгө сүлэлдэж, аж ахуйн ажил дэвэрсэн Шувуун фабрикийн урд дэнжид өчигдөр өнжлөө. Амьдралынхаа 22 жилийг шувуудын “аав”, саальчин, хоньчин, ногоочин, гахайчин байхад зориулсан Н.Тулгынхаас дараах сурвалжилгаа бэлтгэсэн юм.

Үүр цайхтай уралдаад Н.Тулга үнээгээ сааж, адуундаа мордож, нар дөнгөж цухуйнгуут ногоогоо усалж, зэрлэгээ зулгааж, шувуудаа хооллодог. Н.Тулгын хашаанд тахиа, галуу, нугас, цацагт хяруул, тугал, нохой гээд байхгүй амьтан ховор. Хашааных нь дөрвөн зүг, найман зовхист хаашаа л харна аж ахуйн амьдрал ид буцалж, донгодох нь донгодож, мөөрөх нь мөөрсөөр, ургах нь ургасаар зуны дэлгэр цагийг өнгөрүүлж байлаа.

Тэрбээр биднийг өчигдөр очих үеэр шувуугаа хооллож байв. Н.Тулга “Би Шувуун фабрикийн унаган хүүхэд. 1998 оноос хойш гахай, шувуу “асарч”, малчин болж, саяхнаас ногоочин болоод байна. Миний хобби амьтан тэжээх. Ялангуяа элдэв янзын шувуу үржүүлж, төрлийг нь нэмэх. Одоогийн байдлаар манай хашаанд 4-5 үйлдвэрийн тахиа, цацагт хяруул зэрэг 50 гаруй шувуу байна. Мөн монгол үйлдвэрийн таван банхар, сүүний чиглэлийн үхэр байгаа. Эхнэр маань хотод эмч болохоор өглөө бидэнд хоол цай бэлдэж өгөөд явдаг.

Харин би хоёр хүүтэйгээ өдөртөө ногооны талбай, шувууны аж ахуйгаа эрхлээд, өглөө, оройдоо үнээгээ саасаар л өдрийг өнгөрүүлдэг юм. Бидэнд заримдаа амрах ч зав байхгүй өдөр өнгөрчихдөг. Дунд хүү Т.Мөнх-Эрдэнэ маань дөрөвдүгээр ангийн сурагч ч гэсэн хүлэмжийн ногоогоо хураагаад, угааж цэвэрлэн, борлуулахад бэлэн болгодог. Харин бага хүү Т.Мөнхбаяр бол яг над шиг амьтанд дуртай, шувууныхаа хашаанд л өдрийг өнгөрүүлдэг. Мөн миний хоёр хүү тугалаа хариулна, нохойгоо хооллоно, ногоогоо усална, хашаагаа цэвэрлэнэ гээд тоглох ч завгүй” хэмээсээр яриагаа эхлэв.

ЦАЦАГТ ХЯРУУЛДАА ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ

Н.Тулгын хашааны хамгийн үзэсгэлэнтэй шувуу цацагт хяруул. Биенээсээ том өд, хошуутай тэрбээр биднийг хашаанд нь ормогц тунчиг дургүй байгаа нь илт. Хамаг биеэ хураагаад, дэгдээхийнүүдээ “дуудаж” үүрэнд оруулаад, хачин авиа гаргаж өөрийгөө илэрхийлж байв. Энэ талаар Н.Тулга “Хашаанд нь танихгүй хүн ороод ирэхээр манай цацагт хяруул уур нь хүрчих шиг боллоо. Би олон төрлийн шувуу тэжээдэг ч цацагт хяруулдаа хамгийн хайртай. Учир нь, цацагт хяруул ямар ч шувууны өндгийг дараад,  дэгдээхэй болгож чаддагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, ямар ч шувууны үр төлийг голдоггүй гэсэн үг.

Олон аж ахуй эрхэлж үзсэн ч шувуунд би хамгийн дуртай. Хот руу өдрийн тал хугацаанд яваад ирэхдээ л эднийгээ саначихдаг. Хүүхдүүд маань “шувууныхаа хоол хүнсийг тааруулсан болов уу, усыг нь сольсон байгаа” зэрэг түмэн бодол толгойд эргэлдэнэ шүү дээ. Хашааны хаалгаар ороод ирэнгүүт л хэдэн шувуу маань намайг таньж байгаа бололтой орилолдоод ийш, тийш тонгочоод байдаг юм. Хоолных нь савыг бариад хашаанд нь дөхөөд ирвэл, яг л аавыгаа холоос ирэхэд угтаж байгаа хүүхдүүд шиг баярлаад байдаг. Манай тахиа өдөрт нэг удаа өндөглөдөг. Зургаа, долдугаар сарын өндгийг ихэнхдээ дэгдээхэй болгож, үржүүлэх гэж хичээдэг. Харин наймдугаар сараас хойшхи өндгийг нь хүнсэндээ хэрэглэдэг.

Өвлийн цагт тахианд дулаан байр хэрэгтэй болохоор өвлийн эхэнд нялх дэгдээхэй байлгахгүй гэж тэр. Мөн шувуу бүр өөр өөрийн онцлогтой учраас аль болох тав тухтай амьдруулахыг хичээдэг. Тухайлбал, нугасандаа хиймэл нуур хийгээд, өдөр, шөнөгүй усанд байлгана. Нугасаа өрөвдөөд, шөнө ядаж хуурай газар байгаасай гэж боддог. Гэтэл угаасаа л усны шувуу юм болохоор усандаа байдаг юм билээ” хэмээн инээмсэглэсээр ярилаа. Мөн тэрбээр дэгдээхэйнүүдээ даарахаас сэргийлж, гэрлээр шардаг гэнэ. Тэр бүү хэл шувууд хувцас өмсдөг бол хувцаслах сан гэдгээ ч хэлэв.    

МЯЛЗАН ӨВЧИН ГАРСНААС ХОЙШ ГАХАЙ ТЭЖЭЭХИЙГ
ГУРВАН ЖИЛ ХОРИГЛОЖЭЭ

Н.Тулга “Манайх уг нь гахай тэжээдэг байсан юм. Хоол хүнснийх нь үнэ дийлдэхээ байгаад, гахайныхаа тоо толгойг багасгаж байтал мялзан өвчин гараад, манай энэ хэсэгт гахай тэжээхийг гурван жил хориглосон. Тэгээд ч манайх шиг хүн бүл цөөнтэй айлд төрөл төрлийн амьтан тэжээнэ гэдэг заримдаа хэцүү. Тийм болохоор хоёр хүүгээ ажлаас бага боловч чөлөөлөх гээд гахайгаа бүр мөсөн больсон. Гэхдээ сэтгэл дотроо гахайгаа тэжээх бодол байнга эргэлддэг” гэлээ. Түүнийг хэн ч харсан амьтдын “аав” нь гэлтэй.

Өдөрт 30 литр сүү тушаадаг

Тэрбээр үнээний фермтэй болох гээд хашааныхаа зүүн урд талын буланд барилгын ажлаа хэдийн эхэлжээ. Энэ талаар Н.Тулга “Манайх энэ зун 10 гаруй үнээ сааж байгаа. Өглөө, оройдоо үнээгээ саагаад, сүүгээ борлуулдаг юм. Сүү авдаг газарт өдөртөө 30 литр сүү тушаагаад, долоо хоноод мөнгөө авдаг. Харин үүнийгээ өргөжүүлэх гээд сүүний чиглэлийн үнээгээ өсгөж, фермтэй болох санаатай ажлаа эхлээд байна. Дараа зун гэхэд ашиглалтад орчих байх. Манай эхнэр, хүүхэд сургууль, цэцэрлэг эхлэхээр хот руу дулаан байранд өвөлжихөөр явдаг. Тэр үед нь би ганцаараа хашаагаа сахиад үлдэнэ. Харин үнээгээ саагаад, сүү саалиа хүүхдүүддээ хүргэж өгдөг юм. Тэд маань байрныхаа фэйсбүүк хуудаст “Сүү, тараг, өрөм зарна” гээд зар тавиад, хэдэн төгрөг болгодог юм. Хүүхдүүдийнхээ хичээл амрах, эхнэрийнхээ ээлжийн амралтаа авахыг энэ хашаанд амьдарч байгаа амьтан бид хэд  өвөлжин л хүлээдэг дээ” гэлээ.

ХОЁР ХОНОГТ 150 КИЛОГРАММ ӨРГӨСТ ХЭМХ ХУРААДАГ

Н.Тулгынх хашаандаа том хэмжээний хоёр хүлэмжтэй. Хүлэмждээ өргөст хэмхний 1000 мод суулгаж, хоёр өдөрт 150 килограмм өргөст хэмх хураадаг аж. Тэрбээр “Дунд хүү маань ногооны аж ахуйгаа хариуцдаг юм. Хоёр хоноод ургацаа хураана. Хураасан ургацаа бүгдийг нь угааж, арчаад хүнсний скочоор ороогоод борлуулахад бэлэн болгоно. Харин би ургацаа аваад “Барс” зах руу борлуулахаар явдаг. Манай өргөст хэмх монгол соорт гэдгээрээ онцлог. Хүмүүс ч авах дуртай. Ногооны талбайгаа томсгох гэхээр газар олдохгүй, жаахан бэрхшээлтэй. Мөн ногооны аж ахуй эрхлэхэд мөнгө их хэрэг болдог юм байна. Бидэн шиг амьдралтай хүмүүс зээл авах гэхээр олдохгүй зовлонтой юм аа” хэмээн яриагаа өндөрлөв.

Н.Тулгад хийж үзээгүй ажил, тэжээж үзээгүй амьтан байхгүй гэлтэй.Хийж болох бүх  зүйлийг туршиж, “Тэр болох юм байна. Энэ арай ч миний хийх ажил биш юм уу” гэсээр амьдралынхаа ихэнх хугацааг амьтан тэжээх туршилтад зориулж яваа нэгэн. Ялангуяа, шувууг түүний амьдралаас салгаж болохгүй юм шиг... 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө