Л.Цэдэвсүрэн: Их дээд сургуулиудын бүх лекцийн хичээлийг онлайн хэлбэрээр явуулна, семинарын хичээлд 20 оюутан л сууна

Л.Цэдэвсүрэн: Их дээд сургуулиудын бүх лекцийн хичээлийг онлайн хэлбэрээр явуулна, семинарын хичээлд 20 оюутан л сууна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн. Өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцуулж байна.

БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн "Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг тасалдуулаагүй. Цахим болон теле хэлбэрээр сургалтыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан.  Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Ингэхдээ танхмын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон. Одоогийн нөхцөлд танхимын сургалтыг эхлүүлэх нь зоригтой шийдвэр болж байна.  Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна.

Их дээд сургуулиудын лекцийн хичээлийг зуун хувь онлайнаар явуулна. Харин семинарын хичээлийг 20-с дээшгүй оюутанд оруулахаар төлөвлөсөн. ЕБС-иудын хувьд хичээлийн танхим сольж хичээл явагдахгүй, зөвхөн багш нар ангиа сольж хичээлээ орно” гэж мэдээллээ.