Улаанбаатарт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

Улаанбаатарт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

Ерөнхий сайдын ивээлд ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгрессыг ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэв.

Тус конгрессыг  Улаанбаатар хотод зохион байгуулах Засгийн газрын энэ оны 124 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар, дээрх конгресст бэлтгэх үндэсний хороог байгуулж, ХНХ-ын сайд ахалсан байна.

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдний тулгамдаж буй асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэхээс гадна улс орнууд туршлага солилцох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх конгрессын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилго, бүс нутгаас авах туршлага гэсэн Үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” гэлээ.

Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сараас "www.apcbid2019.mn" вэб сайтыг ажиллуулж, конгрессыг сурталчлах, оролцогчдыг бүртгэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах зэрэгт ашигласан байна. Вэб сайтаар дамжуулан 43 оны 160 орчим төлөөлөгч бүртгүүлсэн. Эхний зочид өнөө өглөө Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн веб сайтаар дамжуулан гадаад, дотоодын 109 илтгэл хүлээн авснаас 72-ыг нь конгресст хэлэлцүүлэхээр сонгосон байна.