Хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэсэн Ж.Батзандан гишүүний попрол эх түүхээ гуйвуулав

Хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэсэн Ж.Батзандан гишүүний попрол эх түүхээ гуйвуулав

Шинэ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзанданы хэлсэн үг олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл, дуулиан дагуулаад байна. Тодруулбал, ганцхан аймгийн хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж попрохдоо, бүхэл бүтэн улс орныхоо түүхийг гуйвуулсан томоохон алдааг гаргасан юм.

Тэрбээр, Баян-Өлгий аймагт очиж, иргэд сонгогчидтой уулзалт хийх үеэрээ, “Би энэ нутагт ирэх болгондоо Казак түмнийхээ түүхийг үргэлж боддог. Яагаад Баян-Өлгий аймгийг, сайхан нутгийг Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа “баруун хязгаараа хамгаалаа” гэж та бүхэнд итгэж, хамтарч энэ тусгаар тогтнолоо авч үлдэв ээ гэж би боддог юм. Оспан баатар байгаагүй бол, хэрэв Чойбалсан гуайтай тохиролцоогүй бол баруун хязгаар нутаг, Монголын баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Би казак түмэндээ үргэлж баярлаж явдаг юм. Харин сүүлийн он жилүүдэд Казак Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хүргэх гэж, сайн харилцааг бусниулах гэж МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсэж байна. Хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой, Батзандантайгаа хамт байгаарай, шударга иргэдтэйгээ хамт байгаарай” хэмээн ярьсан байдаг юм.

Гэтэл өчигдөр дээрх буруу яриагаа цайруулах гэж мэдээлэл хүртэл хийгээд авлаа. Тэрбээр “Өнгөрсөн хагас, бүтэн сайнд Баян-Өлгий аймагт ажиллаад ирлээ. Баян-Өлгий аймагт иргэдтэй уулзахдаа Х.Чойбалсан болон Оспан нарын уулзалтын талаар түүхийн эх сурвалжуудыг дурдан гуравхан өгүүлбэр хэлсэн. 1945-1949 оны хооронд баруун хязгаарт дайн байлдаантай байсан. Тухайн үед Х.Чойбалсан Оспан нар уулзаж энэ байдлыг намжаасан гэж хэлсэн юм. Гэтэл “Батзандан буруу ярилаа” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан шүүмжилж байна. Аливаа түүх олон өнцөгтэй байдаг. Олон хүн Оспаны түүхийг сайн мэдэхгүй байх шиг байна. Түүхийн үнэнийг иргэд үнэнээр нь мэдэж байх ёстой” гэсэн юм. 

Уг нь Баян-Өлгий аймаг, тэр тусмаа Казакууд Монголоос салан тусгаарласан тусгаар улс биш. Тусгаар улсуудын хооронд сайн, муу харилцаа гэж ярьж болох. Ямар шалтгаанаар УИХ-ын гишүүний хэлсэнчлэн /сайн харилцаанд хор хүрээд/ байх вэ. Нэг үгээр бол ирэх сонгуулийг угтсан сурталчилгаагаа дэмий хийрхлээр эхлүүлсэн нь энэ юм.

Энэхүү ярианаас болж Оспан гэж чухам хэн байв, тухайн үед юу болж байв гэдэг тухай сонирхох хүн олон байв. Өнгөрсөн онд гэхэд л Засгийн газрын тогтоолоор Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тэмдэглэсэн. Товчхондоо бол Оспанаас болж олон цэрэг эрс амь насаа алдаж, Монгол Улсын ЕСӨН баатар төрсөн гэдэг цагаан дээр хараар бичсэн түүх бий. Оспаны дээрэмчид гоминдануудтай нийлж хил зөрчин, дээрэм, тонуул хийж, манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байсныг олон хүн мартаагүй.

Батзандан бүү хэл арван жилийн сургуулийн хүүхдүүд эх орныхоо үүх түүхийг судлаад түүгээрээ анги дэвших болон улсын шалгалт өгч эх оронч үзлээр хүмүүжиж ирсэн түүхтэй  /Батзандан энэ амьдралын хаагуур нь алгасаад өнгөрсөн юм бол/, монгол хүн бүр бахархах юмтай ард түмэн.

Баян-өлгий аймаг газар зүйн хувьд баруун хязгаар нутагт оршдог боловч түүнд Урианхай-казах иргэд оршин суудаг туурга тусгаар бүрэн эрхэт монгол улсын газар нутаг. Төр засгаас зарлиг тогтоол гарган 1940 онд тус аймгийг байгуулсан. Харин монгол улс  ХХ зууны эхэн үе хүртэл Манж чин улсын эрхшээлд орж тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа алдсан байсан үе байвч түүх өөрөө үргэлжилж 1911 онд эрэлхэг Монголын ард түмэн зэвсэглэн босож манжийн дарлалыг түлхэн унаган Тусгаар тогтносон Автономит эрхтэй улсаа байгуулж шашин төрийг хосолсон хаант засгаа сэргээн тогтоосон түүхтэй.

Энэ үед ази даяараа зэвсэглэн тэмцэлдэж гоминдан, уйгар, казах гэх мэт газар нутаг, тусгаар тогтнолын төлөө эмх замбараагүй байдал, мөргөлдөөн хурцадмал цаг үе байсан юм. Яг энэ үед тусгаар улсаа байгуулж чадаагүй тархай бутархай байсан казах иргэд зарим отог омог тайж ноёд Алтайн араар Ховдын хязгаарын Урианхай  7 хошуу, өөлд захчин гэх мэт монгол түмний нутаглаж байсан газар нүүдэллэн ирж анх 1912 онд Төр шашины тэргүүн Богд хаанд дагаар орж монгол газар нутагт эвсэн аж төрөх өргөдөл бичиг барин ирж нутагшсан эхлэлтэй. Ийнхүү Орос улсад өрнөсөн улаан хувьсгал /пролетарын/ хаант засгийг түлхэн унагаж цагаан хааны цэрэг дүрвэн генерал Бакичаар удирдуулсан хэсэг монгол оронд орж, ирсэн нөгөөтэйгүүр гоминданы цэрэг дөнгөж тусгаар тогтнож асан монгол оронд нэвтрэн харийн түрэмгийлэл хэрээс хэтэрч түүний эсрэг монгол түмэн тэмцэл өрнүүлж шинэ тутам ялсан зөвлөлт засгаас тусламж аван 1921 онд шинэ хувьсгалыг хийж Ардын засаг ялж төр засгаа байгуулснаар зах хязгаар нутаг үймээн самуунтай хил хязгаарыг хамгаалах нэн шинэ түүх эхэлсэн юм.

Шинэ монгол улс засаг захиргааны хувиар хийж  аймаг орон нутгийг эмхлэн байгуулахад 1939 онд  Партизан Бумцэнд даргатай Улсын бага хурлын тогтоолоор Ховдын хязгаараас Урианхай, казахын Баян–Өлгий аймгийг байгуулсан түүхтэй. Түүхийн 1911-1945 онуудын энэхүү адармаатай дайн самуунтай үед баруун хязгаарт Алтайн ар өврөөр нааш цааш дайжин нүүдэллэж бие биенээ тонон дээрэмдэх болсон ороо бусгаа цагт  монгол улсын төр засаг, цэрэг ардууд халуун амь, бүлээн цусаараа хамгаалан эх орныхоо бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолоо авч үлдсэн байдаг.  Богд хааны зарлигаар Зоригт баатар, Манлай баатар, Хатан баатар, зүтгэлт баатар гэх мэт 100 гаруй баатар төрсөн түүхийн баримт бий. Ардын хувьсгалын партизанууд Толбо нуурын бүслэлтэн байсан Хасбаатар тэргүүтэй дайчид, байтаг богд болон бусад хилийн тулалдаануудаар олон баатрууд төрсөн байдаг.

Гэтэл эдгээр эх орончид жинхэнэ баатруудын нэг нь ч ШИНЭ намын дарга Ж.Батзанданы тархинд байсангүй. Түүхэнд Казахын Оспантай маршал Х.Чойбалсан уулзсан нь маргашгүй үнэн ч тухайн үеийн үймээн самуун, улс төрийн нөхцөл байдлаас төрийн бодлогын хүрээнд тусгаар улсаа байгуулж чадаагүй, газар нутаг, тогтвор суурьшилгүй үлдсэн Оспанаар толгойлуулсан бүлэглэлд зэр зэвсгээр туслан гоминданы түрэмгийлэлийн эсрэг бодлого явуулсан байдаг. Гэтэл эргээд Монголчуудыг тонож дээрэмдэх үйлдэл ч хэдэнтээ гаргаж байв. Түүх ийм. 1400-гаад оноос оршин суусан зүүн гарын хаант улс,1750 оны дунд үеэс нүүдэллэн очиж сууршсан уугуул урианхай нар дөрвөд овог аймгууд энэ хязгаар нутгийн жинхэнэ эзэд байсаар ирсэнийг юунд үгүйсгэж, Батзандан ямар түүх зохиож хэнийг дөвийлгөж, ямар ашиг хонжоо хайв гэдэг нь  гайхалтай.

Харин Батзандан улс төрд ямар нэгэн аргаар оноо авах, шинэ нам байгуулж түүнээ хөлтэй, дэмжигчидтэй болгохын тулд  монгол улсын түүхийг гуйвуулан, үндэсний аюулгүй байдлын эсрэг үзэл сурталдаж яваа нь ноцтой асуудал. Баян-Өлгий үндэсний цөөнх казах болон монгол хоёр үндэстэн аж төрөн амьдардаг ч Батзандан өөр улсад очсон дипломатч шиг байр сууринаас хандаж хоёр үндэстний хамтын ажиллагаа, найрамдлын тухай тунхаглал өргөж байгаа мэт үйлдэл үзүүлэв. Түүний энэ явдал нь төрийн хүний ноён нуруу огт үгүйг харуулж, улс төрийн тоглоомыг яаж хийсэн ч яах вэ гэсэн өнцгөөс хандаж байгаа учир нийгэм эмзэглэн хүлээж авч байна. Түүнчлэн цахим орчинд үндсээрээ талцан маргалдах, үл ойлголцох, бие биенийгээ ялгаварлах, хараал хэрүүл хийх галыг асааж өгөв.

Оспан баатар байгаагүй бол /энэ үгийг давтан давтан онцолжээ/ Монголын баруун хязгаар нутаг хаана хэний эзэмшилд очих байсан юм бол түүнийхээр бол. Мөн Монгол төрийн тэргүүн маршал Х.Чойбалсан алс хязгаар нутагт очиж түүнтэй тохиролцоогүй байсан бол /төрийн тэргүүн хөдөө хээр зэвсэгт бүлэглэлийн толгойлогчтой явж хайж очоод тохиролцох гэж явах уу үгүй төрт ёсонд ийм ёсон үгүй билээ/ Баян-Өлгийн хувь заяа яах байсан бол гэж Батзандангаас асуух шаардлага төр, ард түмний өмнө урган гарч байна.  Ер нь нэг жижигхэн намын төлөө сурснаараа шоудаж, популизм хийх гээд том асуудлаар чанга дуугарах гээд урт хормойдоо орооцолдож өвдөг шороодов.

Ж.Батзанданы энэхүү попролын тухай Нийтлэлч Баабар, “Би хасагийн эсрэг үзэлтэй биш. Надад олон хасаг найз бий. Би тэр үндэстнийг хүндэтгэдэг. Хасагуудаас суралцацгаая гэх мэт нийтлэл бичиж байв. Гэвч түүх үнэнээрээ үлдэх ёстой. Энэ эмзэг сэдэв сонгуульд оноо авах хийрхэл биш Энэ нь үнэндээ монгол нь хасагт дургүйцэх шалтаг болж хувирлаа” хэмээжээ. 

Хэлсэн бодит үгээ/есөн өгүүлбэрийг бүрэн ишлэл болгов/ Өлгийгээс Улаанбаатарт ирэхдээ мартчихаагүй баймаар юм. Би зөвхөн гурван өгүүлбэр хэлсэн хэмээн мэлзэж Монголын ард түмэн оюуны өндөр боловсролтой болсон хар цагаан, үнэн худлыг дэнсэлж чаддаг  л учраас сошиал ертөнц мэдрэн хүлээж авч байгаа юм шүү. Төрийн тусгаар тогтнол, түүхийн эсрэг мэдэгдэл хийсэн хүнд хууль байж таараа нөгөө алдартай зөрчлийн хуулиараа ядахдаа захиргааны хариуцлага тооцох л ёстой.