ЭМЯ: Афганистанаас ирсэн хоёр цэргээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 293 боллоо

ЭМЯ: Афганистанаас ирсэн хоёр цэргээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 293 боллоо

Эрүүл мэндийн яам шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит 455 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 453 хүнээс коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 1-нд ирсэн Сөүл-Улаанбаатар онгоцны 246, ХӨСҮТ-т тусгаарлагдсан дөрвөн эмч, ажилтан, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, эмчилгээний дараах сувилалд шилжсэн есөн хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 65 цэрэг, АНУ-руу нисэх онгоцны багийн 16 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 тээврийн жолооч, Замын-Үүд суманд түр тусгаарлагдсан 60 хүний шинжилгээнд тус тус вирус илрээгүй.

Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ бол Афганистанаас ирсэн цэрэг дайчид. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд гурван хүний бие хүндэвтэр байна. Нийт ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ хийлгэж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тандалт, давтан шинжилгээ ажил, амралтын өдөргүй хийж байна. Өчигдөр /2020.08.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 17.03 цагт газардаж, 260 хүнээс нэг хүнийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авна" гэж мэдээллээ.