Space X-ийн сансарт хөөргөсөн хөлөг дэлхийд амжилттай газардлаа

Space X-ийн сансарт хөөргөсөн хөлөг дэлхийд амжилттай газардлаа

Өнгөрсөн тавдугаар сард сансрын уудамд амжилттай хөөрч, олон улсын сансрын станцад ажилласан АНУ-ын сансрын нисгэгчид болох Боб Бенкен, Дог Хэйрли нар SpaceX Endeavour хөлгөөр Мексикийн булангийн тэнгисийн усанд өнгөрсөн шөнө амжилттай газарджээ. Сансрын хөлгийн буух хэсгийг тэнгисийн уснаас хөлөг онгоцон дээр татан гаргасны дараа сансрын нисгэгчдийг хөлгөөс гаргаж тэднийг Техас мужийн Хьюстон хотод байрлах сансрын нислэгийн удирдлагын төвд хүргээд байна.

SpaceX хөлөг нь $2.6 тэрбум ам долларын өртөгөөр бүтээгдсэн бөгөөд зорчигчийн ба ачааны гэсэн хоёр хувилбартай юм. SpaceX ачааны хөлгийг өмнө нь хоёр удаа сансрын уудамд хөөргөж ачаа тээшийг Олон Улсын Сансрын станцад хүргэж байсан билээ. Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX  компанийн "Драгон" хөлөг  нь 2011 оноос хойш есөн жилийн дараа АНУ-аас сансарт ниссэн анхны хөлөг юм.

Дараагийн удаагийн сансрын жолоодлогот нислэгийг 2021 оны хавар хийхээр төлөвлөж байгаа юм байна. Одоогоор дэлхийд АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван том гүрэн  өөрсдийн улсад бүтээсэн хөлөг болон пуужингаа сансарт хөөргөж байна. Үүнээс гадна Европын Холбоо болон Япон улс ачаа тээврийн хөлөг, хиймэл дагуул, судалгааны төхөөрөмжүүдийг сансарт хөөргөх чиглэлээр амжилттай ажиллаж байна.