ОХУ ирэх оноос олон сая вакцин үйлдвэрлэнэ гэв

ОХУ ирэх оноос олон сая вакцин үйлдвэрлэнэ гэв

ОХУ коронавирусийн халдварын эсрэг вакцин бэлэн болсныг дэлхий даяар мэдэгдээд буй. Тэгвэл энэ талаар ОХУ-ын Худалдаа, Үйлдвэрлэлийн сайд Денис Мантуров:“2021 оны эхэн үе гэхэд Орос улс коронавирусийн эсрэг вакциныг сая, саяаар нь үйлдвэрлэх болно. Мөн эдгээр үйлдвэрлэл нь нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар дахь хэрэгцээ шаардлагаас хамаарна. Эпидемиологи, Микробиологийн Гамалея Үндэсний Судалгааны Төвийн боловсруулж буй вакцины үйлдвэрлэлийг есдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байна.

Бидний урьдчилан тооцоолж буйгаар есдүгээр сараас эхэлсэн үйлдвэрлэл маань хэдэн зуу, хэдэн мянгаар хэмжигдэж явсаар дараа жилийн эхэн үе гэхэд хэдэн саяар нь үйлдвэрлэх боломжтой юм. Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс бид чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Одоогоор тус улсын нийт 17 судалгааны байгууллагад 26 өөр вакцины хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд эхнээсээ сайн дурын хүмүүс дээр туршилтаа явуулж эхэлжээ. Эхний ээлжний вакцинууд 2020 оны есдүгээр сард, хоёр дахь ээлж нь аравдугаар сард ашиглагдаж эхлэх төлөвтэй байна.

Энэ мэт туршилтын хоёр ба гуравдугаар шатанд орсон хэд хэдэн вакцин үйлдвэрлэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа ч вакцин үнэ өртгийн хувьд багагүй үнэтэй бүтээгдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс эхний ээлжинд тухайн бүтээсэн улс оронд л хүрэлцэх хэмжээгээр үйлдвэрлэгдэхээс бус бусад улс орнууд, үүний дотор орлого багатай хөгжиж байгаа улс орнуудад хүрэлцэхүйц вакциныг хэзээ үйлдвэрлэн гаргах талаар таамаглал хэлэхэд эрт байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж:TheMoscownews




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө