Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоолыг хүчингүй болгожээ

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоолыг хүчингүй болгожээ

Засгийн газар сонгуулийн өмнө олон нийтэд ил болоогүй хэд хэдэн шийдвэр баталсан нь эхнээсээ ил болж эхэлжээ. Тодруулбал, сонгуулийн дараахан монгол улсын гуравдагч хөршийн харилцааны асуудал олон нийтийн дунд томоохон маргааныг дагуулсан билээ.

-МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ТӨВИЙГ САХИХ СТАТУСТАЙ БАЙГААГҮЙ-

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа юм.  

Мөн “Монгол Улс төвийг сахих тухай статусгүй болсон, Д.Цогтбаатар сайдад төвийг сахих статусыг сурталчлахгүй байхыг даалгасан” тухай мэдээлэл цацагдаад байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар  “Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан, төвийг сахих статустай болгох гэж оролдсон. Гэвч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон. Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой” гэж мэдээлж байв. Мөн үүнээс үүдэн Монгол улс ШХАБ-д элсэх талаарх асуудал ч олон нийтийн дунд хурдтай тархсан юм.

-ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНААР ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГИЙН АСУУДЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЖЭЭ-

Ил болж буй хоёр дахь асуудал нь төмөр замын царигийн асуудал буюу УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоол. Энэ бол Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол юм. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан баримт бичиг. Үүнийг хүчингүй болгосноор төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөх нь гэх байр суурийг олон хүн илэрхийлэх болов.  

Өнгөрсөн тавдугаар сарын 13-нд УИХ 2014 онд 64 дүгээр тогтоол батлахдаа Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж Цэц  дунд суудлын хуралдаанаараа хаалттай хэлэлцэн шийдвэрлэж, 04 тоот дүгнэлт гаргажээ. Нууцын зэрэглэл бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн аж. Түүнчлэн ийм маргаан хэлэлцсэн, ямар шийдвэр гарсан талаар ямар ч мэдээллийг Цэцээс өгөөгүй ажээ. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь буюу өнгөрсөн лхагва гаргийн орой УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авчээ. Харин нэгдсэн хуралдаанаар эл дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хөгжлийн сайд байхдаа урагшаа баригдах төмөр замыг бүдүүн царигтай байх хэрэгтэй эс тэгвээс хятадын танкнууд орж ирэх магадлалтай хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хатуу шүүмжлүүлж байсан удаатай билээ.

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө