Шинзо Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна

Шинзо Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна

Японы Хирошима болон Нагасаки хотыг Америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо оролцоно. Коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээнд оролцогчдын тоог багасгасан тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.

Жил бүр зохион байгуулагддаг уг дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцогчдын тоог коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 10 дахин бууруулах тухай хотуудын захиргаа өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн ёслолын ажиллагааны үеэр халдварт өвчин дэгдэхээс сэргийлэхийн тулд аюулгүй байдлын шаардлагатай бүхий л арга хэмжээг авах аж.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд АНУ-ын Зэвсэгт хүчин Хирошима болон Нагасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгджээ. Эдгээр дайралт нь хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсэг ашигласан цорын ганц жишээ болсон байна. АНУ өнөөг хүртэл өөрийн үйлдлээ цэргийн зайлшгүй авах алхам байсан хэмээн зөвтгөж, ёс суртахууны хариуцлагаа хүлээдэггүй байна.