ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Хэрэв “Чингис хаан” байсан бол Монголчууддаа  хилээ хаахгүй байсан байх

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Хэрэв “Чингис хаан” байсан бол Монголчууддаа хилээ хаахгүй байсан байх

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хилээ бүрэн хааснаар гадаадад ажиллаж, амьдардаг олон мянган иргэдээ “улсгүй иргэн” болгон хувиргасан билээ. Тэдний эх орондоо ирэх хүсэл өндөр төлбөртэй, тусгай нислэгээр хязгаарлагдаж эхлээд хагас жилийг үзэж буй. Энэ асуудлаар манай улс дотроо хэрүүл маргаан дэгдээсээр байгаа хэдий ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авж эхлээгүй л байна. Харин энэ талаар  Их Британийн “Guardian” сонин өчигдөр онцлох нийтлэл гаргаж, хүмүүсийн дунд томоохон шуугиан дэгдээсэн билээ. Энэхүү нийтлэлийг Унгар дахь "Guardian" сонины сэтгүүлч Шон Уолкер хэмээх залуу бичсэн аж.

-ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАМГИЙН ХҮНД, ХЭЦҮҮ БАЙДАЛТАЙ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МОНГОЛЧУУД-

Уг нийтлэлд, гуравдугаар сарын дундуур Монгол улс хилээ бүрэн хаасан. Бүр өөрийн улсын иргэдээ ч нэвтрүүлэхгүйгээр хилээ хаасан юм. “Covid-19” өвчин дэлхийн олон сая хүний аяллын төлөвлөгөөг цуцлуулж, алсын зайн харилцааны шалгуур болж байна. Гэсэн ч эх  орондоо харьж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд эдгээр асуудлуудтай харьцуулашгүй хүнд сорилт тулгараад байна. Тодруулбал, хамгийн хүнд байдалтай байгаа улсын иргэд бол Монголчууд. Тэд маш удаан хугацаанд гэртээ харьж чадахгүй, төрөл төрөгсдөөсөө хол, санхүүгийн хувьд хүнд, ирээдүй нь бүрхэг байдалтай байна. Тэдний гэртээ харих цорын ганц гарц нь Засгийн газраас зохион байгуулж буй тусгай үүргийн нислэг. Энэ нислэг Германы Франкфурт юм уу ,Туркийн Истанбулаас сардаа ганцхан нисдэг. Мөн тийз нь үнэтэйн дээр тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүс эх орондоо очоод заавал 21 хоног тусгаарлагдах ёстой ба тусгаарлалтын төлбөр гэж их хэмжээний мөнгө ч төлдөг байна. “Дээрх төлбөрийг төлөх чадамжтай байгаад ч тусгай үүргийн онгоцонд багтах маш хэцүү. Нэг удаагийн нислэгт хэдэн мянган хүн бүртгүүлж, дийлэнх нь хасагдана. Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын ойрын хүрээллийн хүмүүс илүү давуу эрхтэй байгаа гэх дам яриа ч бий” хэмээн миний танил монгол залуу Пүүжээ ярьсан юм. Харин бид энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч хариулт өгсөнгүй.

-ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ БАГТАХ БОЛОМЖ НЬ МАШ БАГА БАЙДАГ БА ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМСААТНУУД ТҮРҮҮЛЖ СУУСАН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ-

Тусгай үүргийн нислэгт багтах боломж маш бага байгаа тул тэд өөрсдийн боломж бололцоог дайчлан харихыг эрмэлзжээ. Унгарт байгаа хэсэг монголчууд нэгдэж, хувиасаа зардлаа гарган, хувийн компанийн онгоцоор эх орон руугаа нисэхийг хүссэн боловч Монгол улсын Засгийн газар үүнийг мөн л зөвшөөрөөгүй аж. Зарим нэг нь эцсийн найдвар тээн орь ганцаараа олон хоногийн турш Оросын өргөн уудам нутгийг туулж, Монгол улсын хил дээр ирж, эх орон руугаа орох гэж оролдсон тохиолдол ч гарсан байна.

Миний танил монгол залуу Пүүжээгийн хувьд Ази хүн болж төрснийхөө төлөө коронавирус тараасан хэмээн метронд зэмлүүлж, нутгийн эмэгтэйд шүхрээр зодуулсан тухайгаа ч ярьсан.Түүний их сургуулийн тэтгэлэг, визний хугацаа ч дуусч, амьдрах газаргүй болжээ. Тэр зүгээр л эх орондоо очиж, хайртай дотны хүмүүстэйгээ уулзахыг хүсч байгаагаа ярьж байсан юм” хэмээн бичжээ.

Мөн энэхүү нийтлэлийг маш олон монголчууд уншиж, хуваалцсан ба гадны иргэд ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Жишээлбэл, “Европт ч халдвар маш их байгаа шүү дээ. Нутагтаа буцвал илүү аюулгүй болов уу”, Олон улсын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд засгийн газартаа хаягдсан иргэдийн хувь заяаг сонирхож байгаа нь сайн хэрэг”, “Чингис хаан байсан бол ингэж хилээ хэзээ ч хаахгүй байсан байх” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлцгээжээ.