Бүх насаар хорих ял авсан эр 27 жилийн дараа цагаатгагджээ

Бүх насаар хорих ял авсан эр 27 жилийн дараа цагаатгагджээ

1993 онд хоёр хүүгийн амийг хөнөөсөн хэргээр буруутгагдаж, бүх насаар хорих ял авсан Зань Юхуан хэмээх эр 27 жилийн дараа цагаатгагджээ. Ингэснээр тэрээр Хятадын түүхэн дэх хилс хэргээр хамгийн олон жил шоронд суусан хүн болж байна. Зань Юхуаныг шоронд орсноос 11 жилийн дараа өөр хүнтэй гэрлэсэн эхнэр нь давж заалдах шүүхэд гол үүргийг гүйцэтгэсэн гэв. Мөн Заний өмгөөлөгч Ван Фэй үйлчлүүлэгчийнхээ хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Хилс хэргийг тодруулбал, 1993 оны аравдугаар сард Жяньси мужийн Жинсян тосгоны цөөрмөөс хоёр хүүгийн цогцос олджээ. Зань хохирогч хүүхдүүдийн хөрш байсан тул хамгийн түрүүнд сэжиглэгдэх үндэслэл болсон байна.

Ингээд 1995 онд Жяньси мужийн шүүх түүнд цаазын ял оноож, дараа нь бүх насаар хорих ял болгон өөрчилжээ. Тэр хэд хэдэн удаа давж заалдсан ч амжилт олоогүй ч өнгөрсөн оны гуравдугаар сард Хятадын дээд шүүх түүний гомдлыг хүлээн авч нотлох баримт хангалтгүй байхад хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж дүгнэжээ. Гэвч аллагын хэргийг хэн үйлдсэн нь илрээгүй хэвээр үлдсэн байна.

2010 оноос өмнө Хятадын прокурорууд хүч хэрэглэн сэжигтэнд хэрэг хүлээлгэдэг явдал түгээмэл байсан аж. Харин 2010 оноос эхлэн тус улс шүүхийн тогтолцоондоо шинэчлэл хийснээр энэ явдал эрс буурч, өмнө нь хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг дахин шалгахад нөлөөлжээ. Үр дүнд нь өнөөдөр цаазын ялыг Хятадын дээд шүүх заавал баталдаг болсон байна. Гэхдээ энэ шинэчлэл улс төрийн хэрэгтнүүдэд үйлчилдэггүй байна.

Эх сурвалж: BBC