Эрүүдэн шүүлт явуулсан гэгдэх Б.Хурц тэргүүтэй есөн хүний нэр ТОДОРЛОО

Эрүүдэн шүүлт явуулсан гэгдэх Б.Хурц тэргүүтэй есөн хүний нэр ТОДОРЛОО

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж байгаа. Тэгвэл эрүүдэн шүүлт явуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа есөн хүний нэр тодорлоо.

Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж байгаа аж.

Тэднийг ялтан Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Мөн Ц.Амгаланбаатар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээсээ хэд, хэдэн удаа буцсан байна.

Дээрх хэрэгт холбогдуулан Б.Хурцыг барьж хорьсон ч тавдугаар сарын 23-ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг. Б.Хурц нарын нэр дурдагдсан дээрх хүмүүст холбогдох хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, гурван долоо хоногийн өмнө Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.

Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх нэр бүхий есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.06.25-ны хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Ингэснээр Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов удахгүй гарах юм. Б.Хурц нарт хамаарах хэрэг 5 хүртэлх жилийн хорих ялтай байж болзошгүй юм. 

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө