Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн заримыг нь цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлжээ

Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн заримыг нь цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт АТГ-аас тухайн шүүгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Улсын дээд шүүхийн гүүгч Д.Цолмон, Х.Сонинбаяр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг нарын дөрвөн шүүчгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр байцаасан юм.

17 шүүгчтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шүүгч нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх өргөдөл ирсэн байна. Улмаар шалгалтын явцад тэдгээр шүүгчид дунд бусдаас авлига авч байгаа бичлэг хүртэл  илэрсэн аж. Түүнчлэн шүүгч нарт авлига өгөх гээд яваад байгаа иргэдийг хяналтанд авч, тусгай ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байгаа юм. Цаашид шүүгч нартай холбоотой хэргийг шалгах ажиллагаа үргэлжлэх  аж. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд найман шүүгч байдгаас таван шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иймд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Зарим хэвлэлд дурдсанаар, “Нэр бүхий 17 шүүгчийг энэ долоо хоногтоо багтаан мөрдөн байцаалт хийнэ. Зарим шүүгч нарыг цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлээд байгаа” юм байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор, “Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Х.Сонинбаяр, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар”-ын нэр бүхий найман шүүгч шалгагдаж байгаа аж.

Мөн хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.хангал нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Нэр бүхий 17 шүүгч:

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”