ЭМЯ: 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэмж 3 хүн эдгэрлээ

ЭМЯ: 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэмж 3 хүн эдгэрлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. Монгол улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 293 байгаа бөгөөд үүнээс 263 нь эдгэрч 47 хүн сувиллын ажиглалтад, 23 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Одооогоор улсны хэмжээнд 3085 хүн тусгаарлалтад байгаа юм байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрэн дараагийн сувилалд шилжлээ. Үүний хоёр нь энхийг сахиулагч, нэг нь жолооч байна. Халдварын клиникт 30 хүн эмчлэгдэж байна. 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээрээ, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийгдэж байна.

Өнөөдөр үүрээр Франкфурт-УБ чиглэлийн онгоц буусан. 260 хүн ирсэн. Эдгээрээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй. Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 1-8-нийг хүртэл нийтдээ 4305 хүнд шинжилгээ хийсэн байна. Дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1322 хүнд шинээр шинжилгээ хийсэн бол үлдсэн нь давтан шинжилгээ байна. Энэ долоо хоногийн бүх сорьцонд коронавирус илрээгүй" гэлээ. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсын 19 сая хүн халдварлаж, уг вирусийн улмаар 724 мянган хүн нас барсан бол 12 сая хүн эдгэрчээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5212 хүн шинээр халдвар авч, 129 хүн нас барсан. Харин БНХАУ-д 92 тохиолдол бүртгэгдэсний найман нь хилийн чанадаар орж ирсэн халдвар байна. Үүнээс харахад халдвар буурах хандлага ажиглагдахгүй байна. Дэлхий дээр халдвар байгаа цагт бид эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй" гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө