С.Баярын хэрэгт худал дүгнэлт гаргасан “МИШЭЭЛ ОД АУДИТ” ХХК-ийг шалгуулахаар болжээ

С.Баярын хэрэгт худал дүгнэлт гаргасан “МИШЭЭЛ ОД АУДИТ” ХХК-ийг шалгуулахаар болжээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгт шинжээчээр оролцсон “Мишээл од аудит” ХХК-ийг  шалгуулахаар шүүхэд хандаад байна.Учир нь  шинжээчийн “Мишээл Од Аудит” дээрх шүүх хуралд “Петровис трейдинг” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-д зах зээлийн үнээс илүү өндөр үнээр шатахуун нийлүүлсэн” гэх үндэслэлгүй, худал дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа ажээ.

“Мишээл Од Аудит” ХХК нь тусгайлан мэргэшсэн байгууллагын хувьд дүгнэлт гаргахдаа тооцоолол, аргачлал, техникийн шинжтэй олон тооны  алдааг гаргасан бөгөөд эдгээр  нь энгийн мэргэжлийн бус, хэт нэг талыг барьсан, заавал буруутгах гэсэн шинж чанартай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм.

Шинжээчийн “Петровис трейдинг” ХХК нь “Оюу толгой” ХХК-д зах зээлийн үнээс илүү өндөр үнээр шатахуун нийлүүлж давуу байдал олж авсан буюу Өрсөлдөөний хууль болон Эрүүгийн хуулиудыг илт зөрчсөн үйлдэл хийсэн гэдэг дүгнэлтээр С.Баяр, Ч.Давааням нарт анхан шатны шүүхээс ял оноосон билээ. Тус эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дээрх дүгнэлтийн дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж олон нийтэд ил болсон. Иймээс Петровис компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан “Мишээл Од Аудит” ХХК-ийн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нэр хүндээ сэргээлгэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тус компаниас гаргасан гомдолд дүгнэлт гаргасан байцаагч, шинжээч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд, тэдний хийсэн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн ханджээ.