Беларусьт дахин сонгууль болж магадгүй

Беларусьт дахин сонгууль болж магадгүй

Бүгд Найрамдах Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Хэдийгээр тус улсын Сонгуулийн төв хорооноос нэгдсэн үр дүнг зарлаагүй байгаа ч урьдчилсан дүнгээр түүнийг 80 хувийн саналаар ялалт байгуулж буйг мэдэгдээд буй.

Харин үүнийг эсэргүүцсэн олон мянган хүн Минск болон бусад хотуудад жагсаал зохион байгуулж, хүчнийхэнтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, олон хүн гэмтэн 120 иргэн баривчлагджээ.

Иргэд сонгуулийн санал хураалтад будлиан орсон гэж үзэн,  Лукашенкогийн ялалтад үл итгэж байгаагаа цахим сүлжээгээр илэрхийлсээр байгаа. Хэрэв эсэргүүцэл энэ хэвээр үргэлжилсээр байвал сонгуулийг дахин зохион байгуулахаас өөр арга байхгүй хэмээн сөрөг намынхан үзжээ.

Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас тус улс интернэтээр сонгуулиа явуулсан нь будлиан үүсгэх гол нөхцөл бүрэлдсэн гэв. Сонгуулийн санал хураах өдөр интернэтийн сүлжээ тааруу байсныг BBC мөн онцолсон. 

Александр Лукашенко нь 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 жил Беларусийн төрийн эрхийг барьж байна. Түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская нь 9,9 хувийн санал авсан юм. Түүний нөхрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэний дараа баривчилчилсан тул нөхрийнхөө оронд санал хураалтад оролцож байгаа юм. Светлана Тихановская сонгууль болохын өмнө BBC-д өгсөн ярилцлагадаа “Беларусчууд сонгууль шударга явагдана гэдэгт итгэлгүй байна. Ард түмэн дахин түүнээр удирдуулахыг хүсэхгүй байгааг ойлгох хэрэгтэй” гэжээ.

Беларусийн түүхэнд анх удаа сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болж байна. Тус улсад эрх чөлөөт сонгууль зохион байгуулахыг уриалж буй нийгмийн идэвхтнүүдийг баривчилсаар байгаа аж.

 

Эх сурвалж:BBC