“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ,  “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.