М.Бямба-Өлзий: Охиныг минь эрэн хайх ажиллагаа зогсоогүй, худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна

М.Бямба-Өлзий: Охиныг минь эрэн хайх ажиллагаа зогсоогүй, худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд дах “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Б.Оргил 22:35 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 11:04 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.

-БҮСГҮЙ ХАМГИЙН СҮҮЛД ЭЭЖТЭЙГЭЭ УТСААР ЯРИАД “ИРЭЭД АВААЧ, УТАСНЫ ЦЭНЭГ ДУУСЛАА” ГЭЖ ХЭЛЖЭЭ-

Бид тухайн үед гэр бүлийнх нь хүнээс асууж тодруулахад бүсгүй хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар ярьсан байдаг. Ар гэрийнхэн нь утасны дугаараар нь шүүж үзэхэд тэрээр ээжээсээ өөр хүнтэй утсаар дахин холбогдоогүй байсан. Тэрбээр жил бүр Тэрэлжийн Мэлхий хад орчимд бясалгал хийдэг байна. Алга болдог өдөр ээж рүүгээ залгаад “Ирээд аваач, утасны цэнэг дуусаж байна” гэж хэлсэн юм билээ. Харин ээжийг нь Тэрэлжид очиход охин байхгүй байсан. Ойр хавийн хүмүүсээс сураглахад мэдэхгүй гэсэн. Бид ус руу унаж, ой модонд төөрсөн юм болов уу гээд Онцгой байдлын албан хаагчидтай хамтран ойр хавийн ой модыг самнан, эрж хайж байна” гэж мэдээлсэн юм.

-ОХИНЫГ МААНЬ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЖ, ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ БАЙНА-

Харин бүсгүй өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа бөгөөд өнгөрсөн 10 гаруй хоногт ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, нэг автомашин, нийт 28 хүн, хоёр автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, байж болох бүхий л газраар эрж хайж буй боловч тусыг эс олсон билээ.

-ОДООГООР ЯМАР НЭГЭН СЭЖҮҮР ОЛДООГҮЙ Л БАЙНА. ХЭРГИЙН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА-

Тэгвэл өчигдөр бүсгүйн талаар нэр бүхий мэдээллийн сайтуудаар “Тухайн бүсгүйн эрлийн ажиллагаа амжилтгүй болсон учир ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо” гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Бид эрлийн ажиллагаа хэрхэн явагдсан, ямар учир шалтгааны улмаас эрлийг зогсоох болсон талаар сураггүй алга болсон бүсгүйн аав болох М.Бямба-Өлзийтэй утсаар холбогдон тодруулахад “Охины минь эрлийн ажиллагаа огт зогсоогүй шүү дээ. Одоо ч үргэлжилж байна. Ийм илт ташаа мэдээлэл тарааж, эрлийн ажиллагаанд саад болж байгаад үнэхээр харамсаж байна. Бас надаас яриа авсан нэг сайт өгсөн мэдээллийг жаахан гуйвуулж бичсэн байна лээ. Одоогоор ямар нэгэн сэжүүр олдоогүй л байна” хэмээн ярьсан юм.

Тухайн бүсгүй алга болох үедээ саарал цайвар өнгийн цахилгаантай цамц, хар бэлтгэлийн өмд, улбар шар өнгийн кеттэй явж байсан бөгөөд МҮИС-д Япон хэлний багшаар ажилладаг, ганц бие бүсгүй байжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд энэ мэтчилэн алга болох хэрэг ихэссэн бөгөөд эрлийн ажиллагааг зогсоосноос олон сарын дараа хээр хөдөөнөөс амиа алдсан байдалтайгаар олдох тохиолдол ч гарсаар байна.