Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноож, эмэгтэйчүүдийн хорих ангид хорьжээ

Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноож, эмэгтэйчүүдийн хорих ангид хорьжээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд 2.6 жилийн хорих ял оноож, Эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид  хорьсон хэмээн албаны эх сурвалж мэдэгдлээ. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. 

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ. 

Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Түүнчлэн маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүх юм.