Сүхбаатар аймагт ДАХИН нэг цэрэг АМИА АЛДЛАА

Сүхбаатар аймагт ДАХИН нэг цэрэг АМИА АЛДЛАА

Сүхбаатар аймгийн хилийн цэргийн ангид дахин нэг цэрэг амиа алджээ. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 30-ны 19.30 цагийн орчимд тус аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б нас барсан хэрэг гарсан байна. Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас нууцалж буй аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээллээр, “Талийгаач Б бусад гурван алба хаагчийн хамт тэмээ авчрахаар явсан байна. Тэмээгээ олоод бусдыгаа "аваад ир" хэмээн явуулаад, эргээд ирэх зуур нь жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан байсан” гэжээ.

Сануулахад, энэ он гарсаар гурван цэрэг харамсалтайгаар амиа алдаад байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч зургадугаар сард Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч  А буудуулсан байж болзошгүй хэрэг гарсан. Түүнээс өмнө Дорноговь аймгийн Зүүнбаян дах 336 дугаар ангид 19 настай А, Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж В нар энэ оны нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байсан юм.