Ногооны үнэ 1000 төгрөгөөр буурчээ

Ногооны үнэ 1000 төгрөгөөр буурчээ

Төмс, лууван, байцай, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооны шинэ ургац гарснаар иргэдийг бухимдуулаад байсан ногооны үнэ буурчээ.

Нийслэлийн Статистикийн газраас долдугаар сарын 29-нд монгол төмс 2045 төгрөг, лууван 2444 төгрөг, байцаа 2920 төгрөгт хүрч үнэ нь өссөн бол манжин 3129 төгрөг болж үнэ нь буурсан талаар мэдээлж байсан юм. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Барс болон Хүчит шонхор худалдааны төвд төмс кг нь 800-1000 төгрөг, лууван 1000-1500 төгрөг, байцай 1000-1300 төгрөг, сонгино 2000, шар манжин 2500, хүрэн манжин 1200, сармис 5000 төгрөгийн үнэтэй байна.

Худалдаачдаас өргөн хэрэглээний хүнсний ногооны ханшийн талаар тодруулахад, “Шинэ ургац гараад ногооны ханш буурсан. Импортоор сонгино хааяа орж ирж байгаа. Харин төмс, лууван зэрэг бусад ногоонуудыг дотоодоос хангаж байна” гэлээ. 

COVID-19 цар тахалтай холбоотойгоор хүнсний ногооны импорт буурч, сонгиноос бусад ногооны нийлүүлэлтийн дийлэнхийг Сэлэнгэ, Төв аймгийн ургац эзэлж байна.