Хууль бусаар олборлосон 230 грамм алтыг хурааж авчээ

Хууль бусаар олборлосон 230 грамм алтыг хурааж авчээ

Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт иргэд, нөхөрлөлүүд хууль бусаар алт олборлож байсан гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ. Ингэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлосон нэг аж ахуйн нэгж, нэг нөхөрлөл, 18 иргэний үйл ажиллагааг зогсоож 230 грамм алтыг хураан авчээ.

Ерөө сумын 17 газарт иргэд болоод бичил уурхай эрхлэгч 84 нөхөрлөл ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 1277,6 га газрыг эвдрэлд оруулсан бөгөөд нөхөн сэргээлт хийх шаардлагатай аж. Мөн үйл ажиллагаа явуулж байсан 16 экскаватор, 5 ковш, 5 ачааны машин, 15 “усан буу” буюу алт угаах төхөөрөмж, 4 монгол гэр, 6 майханг албадан буулган техник хэрэгслийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Ерөө сумын нутаг дэвсгэрийн 65 орчим хувь нь ойн сан бүхий газар тул ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг. Гэвч 2019 оны шалгалтаар тус газарт алт олборлож байсан 62 нөхөрлөл, 295 иргэний үйл ажиллагааг зогсоож, 119 экскаватор, 47 ковш, 8 бульдозер, 97 ачааны машин, 71 усан буу, 203 монгол гэрийг албадан буулгаж талбайг чөлөөлж байжээ.