А.Амбасэлмаа: Халдвар нэмж илрээгүй, нийтдээ 289 хүн эдгээд байна

А.Амбасэлмаа: Халдвар нэмж илрээгүй, нийтдээ 289 хүн эдгээд байна

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр дотоодын халдварын нөхцөл байдал болон хийгдсэн шинжилгээ, судалгааны талаар  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр "Наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ
  • Гадны улс орон руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ
  • Эмч, ажилтан болох 28 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс эдгэсэн хүн 289 буюу 96.9 хувийг нь эмчлээд байна. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь бүрэн дууссан 218 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдөр 9 хүн эмчлэгдэж байна. Тэдний наймынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр. Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн байна. Энэ хүмүүст ажиглалт, тандалт, эмчилгээ хийгдэж байна" гэж мэдээллээ.