Ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхэлнэ

2020-08-25 14:21

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхэлнэ

Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж, Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгдсэн.

Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр одоогийн мөрдөгдөж буй дүрэм, журмууд  хэвээр байх нь. 

Иргэд УОК-ын шийдвэртэй холбоотой хичээл, сургууль орох эсэхийг тодруулсаар байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас ерөнхий боловсролын хичээл есдүгээр сарын 1-ндээ орно гэлээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлж гурван өдөр танхимд, хоёр өдөр теле хичээл үзэх байдлаар зохион байгуулагдах бол мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүд есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн хичээл аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлэх төлөвлөгөө хэвээр байна.

2020-08-25 11:32

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Хөл, хориог ирэх сарын 15-ны өдөр хүртэл сунгах саналыг гаргалаа

Улсын Онцгой комисс Шадар сайд Я.Содбаатарын өрөөнд хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх долоо хоногийн даваа /2020.08.31/ гарагт дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Улсын онцгой комиссоос хөл хорионы хязгаарлалтын хугацааг ирэх сарын 15-ны өдөр хүртэл /2020.09.15/ сунгах саналыг гаргалаа. 

Улсын онцгой комиссоос гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. Засгийн газар тун удахгүй хуралдах тов зарлаад байна. Хөл хорионы улмаас хилийн зарим боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон билээ.