Сергей Лавров: Навальныйг хордуулах нь ОХУ-ын эрх баригчдад ямар ч ашиггүй

Сергей Лавров: Навальныйг хордуулах нь ОХУ-ын эрх баригчдад ямар ч ашиггүй

Өнгөрсөн долоо хоногт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный орон нутгийн нислэгээр зорчиж явахдаа гэнэт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Омск хотын эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байсан түүнийг Бямба гарагт Герман руу авч явсан юм. Харин даваа гарагт Германы эмч нар түүнийг химийн бодисоор хордуулсан гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасан билээ. Энэ дүгнэлт нь ОХУ-ын  эмч нарын дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр” Мөрдлөг эхлээгүй байхад Вашингтон, Брюсселийн талууд Навальныйг хордуулсан гэх дуулианыг шүүрэн авч, үүнийгээ Литвиненко, Скрипаль нарыг “хордуулсан” гэх зохиомол түүхтэй адилтган ярьж байгаа нь сэжигтэй байна. Эндээс гарцаагүй урган гарч буй нэг асуулт- Энэ чухам хэнд ашигтай юм бэ? Оросын эрх баригчдад лав ямар ч ашиггүй” гэж Лавров хэлжээ.

Мөн ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Өвчтөнд мэргэжлийн шуурхай тусламж үзүүлсэн Омскын эмч нарын бодит дүгнэлтийг Барууны эмч нар нуун дарагдуулах оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна. Манай эмч нар өвчтөний бүх мэдээллийг Германы талд өгсөн. Германы эмч нар энэ асуудалд мэргэжлийн байр сууринаас хандаж, лабораторийн шинжилгээний үр дүнг улс төржүүлэхгүй байх гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Европын Холбооны удирдлага Навальыйг хордуулсан гэх хэргийг нээлттэй мөрдөн шалгахыг Оросын талд уриалсан бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мөн ижил уриалга гаргажээ. Өчигдөр бас Оросын парламентын аюулгүй байдлын байнгын хороо Навальныйн эрүүл мэндэд нөлөөлөх замаар Оросын нэр хүндийг унагах оролдлогыг аль нэг гадаад улс орны зүгээс зохион байгуулсан эсэхийг шалгахаар болсныг зарлажээ.

Эх сурвалж: Russia Today