Навальныйг хордуудсан нь батлагдвал мөрдөн байцаалтад туслахад бэлэн байна гэж АНУ мэдэгдлээ

Навальныйг хордуудсан нь батлагдвал мөрдөн байцаалтад туслахад бэлэн байна гэж АНУ мэдэгдлээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальныйг хордуулсан үйл явдал энэ долоо хоногийн дэлхий нийтийн анхаарлыг татсан гол сэдвийн нэг болоод байна. Европын Холбоо энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг уриалсан бөгөөд даваа гарагт Германы засгийн газар Навальныйг тусгай хамгаалалтад авах шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Мөн тус улс болон Франц улс Навалныйд улс төрийн орогнол өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Харин долоон хоногийн турш чимээгүй байсан АНУ-ын удирдлагууд Навалныйгийн асуудалд “ам нээжээ". Тодруулбал өчигдөр/2020.08.25/ Цагаан ордонд болсон хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэрэв түүнийг хордуулсан нь тогтоогдож, баталгаатай болбол АНУ-ын зүгээс мөрдөн байцаалтын ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрээр “Оросын сөрөг хүчний идэвхтэн Алексей Навальныйг хордуулсан талаарх Германы эмнэлгийн шинжээчдийн хийсэн урьдчилсан дүгнэлтийг сонсоод АНУ ихээхэн санаа зовж байна. Хэрэв энэ үнэн гэдэг нь тогтоогдвол  хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дэмжиж, туслахад бэлэн байна. Ноён Навальныйгийн гэр бүл, Оросын ард түмэн мөрдөн байцаалтын ажиллагааг ил тод явуулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг хүсэх нь зүйтэй. Бид түүнийг бүрэн эдгэрч хөл дээрээ зогсоно гэж найдаж байна” гэжээ.  

Германы талаас түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг химийн бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг гаргаад буй. Харин өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров "Мөрдлөг эхлээгүй байхад Вашингтон, Брюсселийн талууд Навальныйг хордуулсан гэх дуулианыг шүүрэн авч, үүнийгээ Литвиненко, Скрипаль нарыг “хордуулсан” гэх зохиомол түүхтэй адилтган ярьж байгаа нь сэжигтэй байна. Эндээс гарцаагүй урган гарч буй нэг асуулт- Энэ чухам хэнд ашигтай юм бэ? Оросын эрх баригчдад лав ямар ч ашиггүй” хэмээн няцаасан байна.

Эх сурвалж: CNN