Ж.Блейкийг цагдаа нар долоон удаа буудахад гурван хүүхэд нь хамт байсан гэв

Ж.Блейкийг цагдаа нар долоон удаа буудахад гурван хүүхэд нь хамт байсан гэв

Хоёр хоногийн өмнө /2020.08.24/ АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод оршин суудаг өнгөт арьст эрэгтэй рүү цагдаа нар хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарсан. Өдгөө 29 настай африк гаралтай америк эр болох Жейкоб Блейкийн биеийн байдал тун хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бөгөөд түүний өмгөөлөгч хэвлэлд албан ёсны мэдээлэл өгсөн байна.

Өмгөөлөгчийн хэлж буйгаар Жейкобын гэр бүл “Түүний бие нь маш муу байгаа. Бид түүнийг дахин хөл дээрээ зогсож чадах эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв тэр хөл дээрээ зогсвол гайхамшиг болох байх” гэж хэлсэн талаар дурджээ.

Мөн Жейкоб Блейкийн аав “Цагдаа нар миний хүүг долоон удаа буудсан. Энэ бол шалтгаангүй аллага хийхийг оролдсон явдал. Блейкийг буудах үед машинд нь гурав, тав, долоон настай гурван хүүхэд нь хамт байсан” гэжээ.

Блейк зэвсэггүй байсан бөгөөд цагдаа нар ямар учраас түүнийг буудах болсон нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөт арьст иргэн цагдаад буудуулсантай холбоотойгоор Кеноша хотын гудамжинд хэдэн зуун хүн гарч, цагдаа нарын үйлдлийг эсэргүүцсэн. Тэд цагдаагийн газрын хажуугаар  “Бид ухрахгүй” хэмээн уриа барьж, хашгирч байжээ. Удалгүй эсэргүүцэл нь эмх замбараагүй байдал болон хувирч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж, эрх баригчид Кеноша хотод хөл хорионы цаг тогтоосон юм.

Эх сурвалж:CNN