Хуш мод устах аюултай байгаа учраас зөвшөөрөлгүй самар түүсэн иргэдэд арга хэмжээ авсан гэв

Хуш мод устах аюултай байгаа учраас зөвшөөрөлгүй самар түүсэн иргэдэд арга хэмжээ авсан гэв

Байгаль Орчин Аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Сүүлийн үед зөвшөөрөлгүй самар түүсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас торгох, самрыг нь хураах гэх мэт арга хэмжээ авч эхэлсэн нь иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл энэ талаар БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ойн 5 хувийг эзэлдэг хуш модон ойд самар ургадаг. Энэ жил баруун аймгийн 63 суманд самар ургасан бөгөөд найман аймгийн 25 суманд самар их ургацтай байгаа.Үндсэндээ улсын хэмжээнд арван аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургадаг.  Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Гэхдээ нийт ойн таван хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орчихоод байна. Тодруулбал, самар түүх хугацаа болоогүй байхад самар түүх гээд хуш мод нүдсэнээс болж холтос нь унаад, шавж хорхойд эдэгдсэн үхмэл байдалтай байх жишээтэй.

Есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх журам байдаг.

Гэтэл одоо түүгээд, зарж борлуулаад хууль зөрчиж байна. Үүнийг хуулийн байгууллага хянаж байхад хүүхэд, хөгшчүүдийг дээрэлхсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байна. Энэ нь ерөөсөө тийм биш. Есдүгээр сарын 10-аас эхлэн самар түүхийг албан ёсоор зөвшөөрдөг. Тэр үед зөвшөөрлөө аваад самар түүх хэрэгтэй” гэлээ.