Г.Ганбаяр Европын лигт хүчээ сорих анхны монгол тамирчин боллоо

Г.Ганбаяр Европын лигт хүчээ сорих анхны монгол тамирчин боллоо

Монгол хүү Г.Ганбаяр Пушкаш клуб дээд лигийн хүснэгтийн III байрт бичигдэж "Европа" лигийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд тоглох эрхтэй болов. Энэ тоглолтод үндсэн багийн дасгалжуулагч, словак мэргэжилтэн Жолт Хорняк, Монгол Улсын иргэн Г.Ганбаярыг хэрэгтэй хэмээн үзэж үндсэн багт дуудсан байна. Тоглолт Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01:00 цагаас Шведийн нийслэл Стокхольм хотын Теле2 Аренад явагдана.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ болон Унгарын алдарт Пушкаш академийн хамтын ажиллагааны хүрээнд Европын топ академид суралцсан 10 хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн багтай нэгдэж гоол оруулсан бол түүнийг дээд лигийн үндсэн баг дуудаж Швед улсыг зорьсон билээ. Пушкаш академийн багаас дэд лигт дэвшин Активал Чаквар клубтэй гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр энэ сарын 24-нд анхны гоолоо оруулсан бөгөөд түүний хувьд Монгол Улсаас буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ байгуулсан анхны тоглогч болж байгаа юм. 

Ийнхүү монгол хөвгүүд дэлхийн хөлбөмбөгийн топ багуудад тоглож монголчууд тэднийг цэнхэр дэлгэцээр уухайлан дэмжих баярт өдрүүд ойртсоор байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг