Д.Баянмөнхийн охин А: Аав, ээж чинь зоддог уу гэж бүтэн нэг цаг асуусан

Д.Баянмөнхийн охин А: Аав, ээж чинь зоддог уу гэж бүтэн нэг цаг асуусан

Долоохон настай балчир охиныг төрсөн аавтай нь уулзуулахгүй ОХУ-руу хил давуулах гэж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тодруулбал, Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнхийн долоон настай охиныг ОХУ-ын Тува Улсад төрсөн учир эцэгт нь үлдээхгүй авч явахаар албаныхан “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын хамгаалах байранд ЗУРГАА ХОНОГ байлгасан.

Мөн хувийн өс хонзонтой гэх иргэн Г охины аав Д.Баянмөнхийг хар тамхины наймаачин, сэтгэл мэдрэлийн өвчтэй, охиноо хүчирхийлдэг гэх худал мэдээллүүдийг холбогдох байгууллагуудад хүргэснээр түүнийг охиноос нь салгах шалтгаан болсон байдаг. Мөн "Охины асран хамгаалагч нь тогтоогдоогүй" гэдэг үндэслэлээр хамгаалах байранд хорьж байв.

Улмаар өнгөрөгч зургадугаар сарын 27-нд долоон настай А-г охиныг ОХУ-ын Тува Улс руу хил гаргалгүйгээр өөрт нь эргүүлэн өгсөн. Иргэн Д.Баянмөнхийг охиноо авахад Увс аймгийн Засаг даргын орлогч асан, ИХТ Ц.Батболд гэх хүн тусласан байдаг.

Тухайн үед иргэн Д.Баянмөнх хэлэхдээ, “ОХУ-ын хуулинд ч, Монгол Улсын хуулинд ч төрсөн эцэг, үр хоёрын дунд асран хамгаалах эрх олгоно гэж хэзээ ч байдаггүй. Учир нь би айлын хүүхдийг асарч аваагүй, төрсөн эцгийн үүргээ биелүүлж байсан. Үүнээс болж хэд хоног хорьсон юм байна. Хоёрдугаарт ОХУ-ын иргэнийг тухайн улсын элчин сайдын зөвшөөрөлгүйгээр саатуулсан нь тогтоогдсон” хэмээж байв.

Гэтэл охиноо аваад асуудал намжлаа хэмээн бодтол долоон настай охин А-г Увс аймгийн цагдаагийн байгууллага ямар ч харгалзагчгүйгээр байцаасан аж. Ингэж байцаахдаа, “Эцэг эх чинь чамайг зоддог байсан уу, архи уудаг уу” гэх мэтчилэн тулган шаардах хэлбэрээр байцаалт авч “Өөрсдийн зорилтот хариулт”-аа охины амнаас гаргах гэж оролдсон байна.

Уг нь “Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа түүний эцэг эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгана” хэмээн хуулиндаа заасан байдаг.

Энэ тухай бид долоон настай А-гаас тодруулж, цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Чамайг анх хашаандаа тоглож байхад хүмүүс ирээд аваад явсан гэдэг. Чамд юу гэж хэлээд аваад явсан бэ?

-Би хашаандаа тоглож байсан юм. Гэтэл нэг эгч “энэ машинд ээж аав чинь байгаа, ийшээ суучих” гэж хэлээд суулгасан. Би машинд ороод “Манай ээж, аав алга байна шүү дээ” гэтэл “Ээж, аав нь өөр машинд суугаад явна” гэж хэлсэн.

-Чамайг машинд суулгаад хаашаа авч явсан бэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах газарт аваачсан.

-Нэг өрөөнд оруулж цоожлоод гаргахгүй байсан гэж үнэн үү. Ямар өрөөнд байлгаж байв?

-Намайг нэг ч удаа гаргаагүй. Тэгээд би орой болгон ээж, аавыгаа санаад хөнжил дотроо уйлдаг байсан. Бас дүүгээ санасан.

-Чамд хоол цай өгдөг байсан биз дээ?

-Заримдаа өгөөд, заримдаа өгдөггүй байсан.

-Чиний байдаг өрөөнд хүн орж ирдэг байв уу. Ямар хүн орж ирдэг байв?

-Тэнд байдаг хүмүүс нь ээлж ээлжээр орж ирдэг байсан. Туяа, Ариунаа, Оюунбилэг, Төгсөө, Мандалсүрэн гээд хүмүүс байдаг. Би зургаа хоногийн турш нэг ч хүүхэдтэй тоглоогүй.

-Чи гэртээ харимаар байна гэж хэлж үзсэн үү?

-Би гэртээ харимаар байна гэж хэлсэн. Гэтэл Мандалсүрэн гэдэг настай эмэгтэй миний амыг хаачихаад байдаг байсан. Тэр эгчийг нь харахаар л миний ам хаагдчихаад болдоггүй ээ.

-Цагдаа нар чамайг дуудаад юм асуусан гэсэн. Тэр үед хажууд нь ээж  чинь байсан уу?

-Эхэндээ байгаагүй тусдаа байсан. Хамгийн сүүлд ээжтэй хамт орсон.

-Цагдаа чамаас юу гэж асуусан бэ?

-Эхлээд бүр тулгаад болдоггүй. Бараг бүтэн нэг цаг.

Мөн энэ талаар охины аав, иргэн Д.Баянмөнх хэлэхдээ, “Хашаандаа тоглож байсан хүүхдийг авч явсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхгүй хааж байна. Тэгээд ч зогсохгүй хүүхдийг бүтэн нэг цаг эцэг эх асран хамгаалагчгүйгээр ганцааранг нь байцаасан. Тухайн үед эцэг эх минь намайг зоддог гэдэг үг хэлүүлэхийн тулд хүчээр тулган шаардсан байсан. Ээж аав намайг зоддог гэж хэлүүлэх гээд бүтэн нэг цаг байлгасан байна лээ. Манай эхнэрийг охинтой хүрээд ир гээд цагдаагийн байгууллагаас дуусан юм билээ. Энэ хоёр яваад нилээн удаж байж ирсэн. Миний хүүхдийн амнаас “зоддог” гэсэн үг хэлүүлээд “Хамгаалах байранд байлгасан нь зөв” гэсэн шийдвэр гаргах гээд байсан юм билээ. Товчхондоо бол цагдаагийн байгууллагатай хуйвалдаж л ийм юм хийгээд байгаа юм билээ” хэмээсэн юм.