АНУ-д цагдаа нарыг эсэргүүцсэн тэмцлийн үеэр хоёр хүн буудуулж амиа алджээ

АНУ-д цагдаа нарыг эсэргүүцсэн тэмцлийн үеэр хоёр хүн буудуулж амиа алджээ

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн Ням гарагт гар хоосон, африк гаралтай эр Жэкоб Блэйк цагдаа нарт буудуулсны дараа биеийн хагас нь мэдээгүй болсон юм. Түүнийг машиндаа суухаар явах үед цагдаагийн гурван офицер араас нь долоон удаа бууджээ. Энэ үед Блэйкийн бага насны гурван хүүхэд машинд байсан юм.

Цагдаа нар тухайн үед дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж байгаа ч Жэкоб Блэйк ямар буруутай байсан нь тодорхойгүй байна. Зарим гэрчүүд түүнийг гэмт хэргийг таслан зогсооход тусалсан гэж мэдүүлж байгаа.

Энэ явдлаас хойш Кеноша хотод африк гаралтай иргэдийн шударга ёсыг шаардсан тэмцэл эхэлж, эмх замбараагүй байдал үүсээд байна. Висконсин мужийн захиргаа Үндэсний Гвардын 500 цэргийг цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор нэмж дайчилсан юм. Кеноша хотод оройн 7:00 цагаас хойш хөл хорио тогтоосон байна.

Мягмар гарагийн орой цагдаа нарыг дэмжигч 17 настай цагаан арьстан залуу гудамжинд хоёр тэмцэгчийг буудаж амийг нь хороосон үйлдэл гар утасны камерт бичигджээ. Өчигдөр уг хэргийг үйлдсэн Кайли Риттенхаусыг нэгдүгээр зэргийн аллагын хэрэгт сэжиглэн баривчилсан байна.