Буриадын аврагчид Сэлэнгэ мөрөнд живсэн монгол иргэдийг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ

Буриадын аврагчид Сэлэнгэ мөрөнд живсэн монгол иргэдийг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ

Наймдугаар сарын 21-нд Сэлэнгэ мөрөнд манай улсын хоёр иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах тасгийн алба хаагчид тус иргэдийн цогцсыг олохоор хоёр өдөр ажилласан ч үр дүнд хүрээгүй тул Буриад улсын аврагчидтай хамтран ажиллах хүсэлтийг тавьжээ.

Учир нь тус иргэдийн цогцос голын урсгалд туугдан ОХУ-ын нутагт орсон байх магадлалтай хэмээн үзэж байна.

Энэ талаар ОХУ-ын Буриадын Холбооны аюулгүй байдлын газраас Сэлэнгэ мөрөнд живсэн Монголын хоёр иргэнийг хайх ажил эхлүүлсэн талаараа мэдэгджээ. Тус мэдээлэлд “Монголын Засгийн газрын хүсэлтээр бид аврах, хайх ажиллагаа хийж байна. Энэ сарын 21-нд Монгол улсын  хоёр иргэн Сэлэнгэ мөрөнд живсэн. Гэхдээ цогцос олдоогүй байна. Бид тусгай ангийн алба хаагчдыг илгээсэн” гэж мэдэгдээд байна.

Тэгвэл өнөөдөр Буриадын Холбооны аюулгүй байдлын газар энэ сарын 23-наас эхлэн эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар мэдээллээ. Аврагчид гол болон голын дагуу 180 км зайд ажиллагаа явуулсан ч цогцсыг олоогүй ажээ.