Замын цагдааг мөргөж, хөлийг нь хугалсан этгээдэд 5-6 жилийн хорих ял оноох уу

Замын цагдааг мөргөж, хөлийг нь хугалсан этгээдэд 5-6 жилийн хорих ял оноох уу

Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалсан хэрэг өчигдөр (2020.08.26) гарсан билээ. Хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Паркын уулзвар орчимд хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мотоциклоор дайрч, орхиж явсныг доорх бичлэгнээс харж болно.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Замын цагдаагийн алба хаагч өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байхад мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн. Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй. Одоо цагдаагийн алба хаагчийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан. Унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн” гэж мэдээллээ.

Тэгвэл түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, Хууль сахиулагчийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Тус хуулийн заалтаар 5-6 жилийн хорих ял шийтгэдэг байна.